Монгол Улсад ҮАБЗ байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан “Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа-залгамж чанар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болов.
Тус эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нээж үг хэлсэн ба УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Тогоо, зөвлөх Э.Одбаяр, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл болон үе үеийн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргын албыг хашиж байсан эрхмүүд, ахмад шинжээчид, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүрээлэнгийн удирдлага оролцов.
ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан Ж.Энхсайхан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 30 жилийн үйл ажиллагааны тойм, туршлага, сургамж”, ҮАБЗ-ийн Ажлын албаны дэд дарга Д.Мөнх-Очир, ҮАБЗ-ийн Мэдээлэл, дүн шинжилгээний албаны дарга асан Ц.Даваадорж нар “Үндэсний аюулгүй байдлын талаарх ойлголтын шилжилт, үүнээс үүдэн гарах шинэ зорилго, зорилтууд” илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.