ОХУ нь Ерөнхийлөгч В.Путины удирдлага дор “Аянга” нэртэй стратегийн цөмийн тогтоон барих хүчний сургуулилтыг 2022 оны хоёрдугаар сарын 19-нд хийж, газар, агаар, тэнгисийн байрлалаас тив хоорондын баллистик пуужин, далавчит болон хэт авианы пуужингуудыг харваж туршлаа.

Тус стратегийн тогтоон барих хүчний сургуулилтад Оросын Агаар сансрын хүчин, Өмнөд цэргийн тойрог, Стратегийн пуужинт цэргийн хүчин, Хойд тэнгисийн болон Хар тэнгисийн флот оролцлоо. Сургуулилтаар Агаар сансрын хүчин МИГ-31 онгоцноос хэт авианы аэробаллистик “Кинжал” пуужинг амжилттай харвасан бол Хойд тэнгис, Хар тэнгисийн флотын хөлөг болон шумбагч онгоцнууд “Калибр” далавчит, “Циркон” хэт авианы пуужингуудыг далай болон газрын бай руу харваж туршлаа (зураг дээр “Циркон” пуужингийн хөөргөлт).

Астрахань муж дахь Капустин Яр туршилтын талбайд оператив-тактикийн “Искандер-М” далавчит пуужингийн системийн практик хөөргөлтийг явууллаа. Стратегийн пуужинт цэргийн хүчин Оросын баруун хойд хэсэгт орших Плесецкийн сансрын пуужингийн туршилтын талбайгаас тив хоорондын “Ярс” баллистик пуужин,  Хойд тэнгисийн флотын цөмийн шумбагч “Камчатка” хөлөг онгоцноос тив хоорондын  “Синева” баллистик пуужинг тус тус хөөргөж, Оросын Алс Дорнодын хязгаарт орших Камчатскийн Курагийн туршилтын талбай дээрх байг хоёулаа онолоо. Мөн ТУ-95МС стратегийн пуужин тээгчээс хөөргөсөн далавчит пуужингууд Комийн Бүгд Найрамдах Улсын нутагт орших Пембой сургуулилтын талбай болон Кура нуруун дахь байгаа онолоо.  

Стратегийн цөмийн тогтоон барих хүчний энэ удаагийн сургуулилт нь төлөвлөгөөт бөгөөд Орос Беларусын хамтарсан цэргийн хээрийн сургуулийн төгсгөлд, Украины хямралын хурцадмал байдлын оргил үед болж байгаагаараа онцлог юм.

Тус сургуулилт нь Оросын  агаар, газар, тэнгисийн цөмийн гурвалжин хүчний үүрэг зориулалт, команд удирдлагын төлөвлөлт, харилцан ажиллагаа, стратегийн зэвсэглэлийн найдвартай байдлыг цогцоор нь шалгасан сургуулилт боллоо. 

Similar Posts