БНСУ-ын төрийн өмчит Цөмийн эрчим хүчний корпораци (KHNP), ОХУ-ын төрийн өмчит Росатомын охин компани (ASE) хооронд байгуулсан гэрээний хүрээнд Египетийн анхны атомын цахилгаан станцын эд ангиудыг нийлүүлэх, турбины барилга барихаар тохиролцсон байна. Гэрээнд зааснаар 2030 он хүртэл 1200 мегаваттын хүчин чадалтай дөрвөн реактор нийлүүлэх аж.
Ерөнхийлөгч Юн Сук Ёлын эдийн засгийн асуудал хариуцсан Ахлах нарийн бичгийн дарга Чой Сан Мок “Энэ тухай АНУ-тай урьдчилан зөвлөлдсөн бөгөөд ОХУ-ын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээтэй зөрчилдөхгүй” хэмээн мэдэгджээ. Учир нь хориг арга хэмжээнд цөмийн эрчим хүчтэй холбоотой тодорхой хязгаарлалтууд ороогүй төдийгүй Ж.Байдены засаг захиргаа Египетийн чухал төслийг тасалдуулах сонирхол байхгүй хэмээн талууд үзжээ.
Хориг арга хэмжээний хүрээнд БНСУ-ын зүгээс ОХУ-ын Төв банк, төрийн сантай гүйлгээгээ зогсоохын зэрэгцээ стратегийн ач холбогдолтой бараа материалыг Орос руу экспортлохыг хориглосон билээ.
Ерөнхийлөгч Юн Сук Ёл 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний 10 реактор экспортлох зорилт тавьсан нь 2009 оноос хойших цөмийн эрчим хүчний технологийн хамгийн том экспортод тооцогдож байгаа бөгөөд цаашид Чех, Польш, Саудын Араб зэрэг оронд экспортлох боломжийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалж:
“South Korea signs $2.25 billion deal with Russia nuclear company”, The Associated Press, Aug 25, 2022, https://apnews.com/article/russia-ukraine-middle-east-africa-349bf2b3eb2551bdea5ec886855dea92
“Yoon reboots South Korea’s nuclear export ambitions”, Nikkei news, July 12, 2022, https://asia.nikkei.com/Business/Energy/Yoon-reboots-South-Korea-s-nuclear-export-ambitions