ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 9-нд Астанад хийсэн албан ёсны айлчлалаараа Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай хэлэлцээ хийж, хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны XIX форумд оролцож, хамтарсан тунхаглал гаргалаа.
Эх сурвалж: https://www.akorda.kz/assets/media/kz2-8916-2.jpg
Айлчлал нь Казахстан, ОХУ-ын хооронд сайн хөршийн болон эвслийн гэрээ байгуулсны 10 жилийн ой, дипломат харилцаа тогтоосны 31 жил, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны XIX форумтай давхцаж байгаагаараа онцлог байна. Хоёр Ерөнхийлөгч бүс хоорондын хамтын ажиллагааны XIX форумын нэгдсэн хуралдаанд оролцсоны дараа хаалттай болон өргөтгөсөн хүрээнд хэлэлцээ хийлээ.
Хоёр тал газрын тос, байгалийн хийн аж үйлдвэр, механик инженерчлэл, эрчим хүч, тээвэр ложистик, эрүүл мэнд, соёл хүмүүнлэгийн салбар дахь харилцан үйлчлэл, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, зургаан баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнд:
• Орос-Казахстан улсын 2024-2026 оны хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө;
• Биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг 2024−2026 онд хөгжүүлэх тухай гэрээ;
• Казахстаны Сангийн яамны Төрийн орлогын хороо, ОХУ-ын Холбооны гаалийн албаны 2024-2025 онд хамтран ажиллах тухай санамж бичиг;
• Кокшетау, Семей, Усть-Каменогорск гэсэн гурван дулааны цахилгаан станц барих асуудлаар Эрчим хүчний яамдын хамтын ажиллагааны тухай санамж бичиг;
• Казахстаны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хороо, ОХУ-ын Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн холбооны алба хоорондын Хөдөлмөрийн хяналтын асуудлаар харилцан ойлголцол, хамтын ажиллагааны тухай санамж бичиг;
• Казахстаны Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийн цогцолбор, ИТАР-ТАСС хоорондын мэдээллийн түншлэлийн тухай гэрээ зэрэг багтаж байна.
Айлчлал, яриа хэлэлцээ болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны 19-р форумын үеэр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засгийн бодлогын талаар дараах байр суурийг илэрхийлж байна. Үүнд:
• Орос бол Казахстаны стратегийн түнш, хамгийн ойрын холбоотон.
• Сүүлийн гурван жилд хоёр орны худалдааны эргэлт 30 гаруй хувиар өсөж, 2023 оны найман сарын байдлаар 17 тэрбум ам.долларт хүрсэн.
• Одоогийн байдлаар аж үйлдвэрийн хамтын ажиллагааны чиглэлээр 33 тэрбум ам.долларын өртөг бүхий 143 төсөл хэрэгжиж байгаагийн 140 нь Казахстанд хэрэгжиж байна.
• Казахстанд Оросын 20 мянган компани үйл ажиллагаа явуулж, 20 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн бол Казахстаны Орост оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 6 тэрбум ам.доллар байна.
• Казахстан, ОХУ дах ложистик, хадгалалтын системийн дутагдлын улмаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний алдагдал 40 хувьд хүрч байна. Тиймээс хоёр орны хамтын ажиллагааны чухал чиглэл бол хүнсний ногоо, жимс жимсгэний агуулах зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх явдал байх ёстой.
• Казахстан улс ойрын хугацаанд бүтээгдэхүүн хадгалах хүчин чадлаа нэг сая тонноор нэмэгдүүлж, Хятад, Энэтхэг, Ойрх Дорнодын зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүнд Төв Азиар дамжин өнгөрөх Хойд-Өмнөд тээврийн коридорыг шинээр байгуулах, одоогийн Хятад руу чиглэсэн маршрутын хүчин чадлыг нэмэгдүүлэх явдал чухал ач холбогдолтой.
• Казахстан, Орос улсууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд үр тарианы экспортоор дэлхийд тэргүүлэгч улсын эхний аравт багтаж байна.
• Сүүлийн 5 жилийн хугацаанд Казахстаны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ болон түүний экспорт хоёр дахин нэмэгдэж, зургаан тэрбум ам.долларт хүрсэн. Казахстан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн 80 гаруй оронд нийлүүлж, 2022 оны дэлхийн хүнсний аюулгүй байдлын индексээр 113 орноос 32-т жагсаж байна.
• Ойрын жилүүдэд сүүний 115 ферм баригдаж, сүүний үйлдвэрлэл 600 мянган тонноор нэмэгдэнэ. Жилд 120 гаруй мянган тонн мах боловсруулах хүчин чадалтай 15 том шувууны аж ахуй байгуулна. Казахстан улс ойрын таван жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт нийт 2.7 их наяд тенгегийн 900 шахам хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
• Каспийн Курык, Актау боомтуудад томоохон хэмжээний шинэчлэл хийх, БНХАУ-ын чиглэлд төмөр замын Достык- Мойнтын хэсэгт хоёрдугаар зам тавих зэргээр гурван жилийн хугацаанд Казахстан 1.3 мянга гаруй километр төмөр зам барихаар төлөвлөж байна.
• Усны салбарыг шинэчлэх ажлыг эхлүүлж, 20 усан сан шинээр барих, одоо байгаа 15-аас доошгүй усан санг сэргээн засварлах, 3500 гаруй километр сувгийг шинэчлэх, цахимжуулахаар төлөвлөж байна.
Айлчлал, яриа хэлэлцээ болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны 19-р форумын үеэр Оросын Ерөнхийлөгч В.Путин хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын асуудлаар дараах байр суурийг илэрхийлж байна. Үүнд:
• Казахстан, ОХУ-ын хооронд 10 жилийн өмнө байгуулсан сайн хөршийн болон эвслийн гэрээ нь XXI зуунд хоёр орны найрсаг харилцааны үндэс суурь болж байна.
• Орос, Казахстаны бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны XIX форум нь хөдөө аж ахуйн салбарт зориулагдсан бөгөөд мөн үеэр хоёр улсын хооронд 100 сая ам.долларын гэрээ байгуулахаар төлөвлөж байна.
• Казахстан бол бүх холбоотнуудын дунд Оросын хамгийн ойрын холбоотон.
• Хүнс бол аливаа нийгэм, аливаа улсын амьдралын үндэс юм. Орос улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортлогчоос хамгийн том экспортлогч болон хувирч, улаан буудайн экспортын эхний байрыг эзэлж байна. Энэ жил 60 сая тонн буудай экспортлох болно.
• Үндэсний хөгжил, ард түмний эрх ашиг ямагт нэн тэргүүнд байх ёстой.
Айлчлалын төгсгөлд Орос-Казахстаны Ерөнхийлөгч нар хоёр улсын хооронд сайн хөрш, эвслийн гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ойтой холбогдуулан хамтарсан мэдэгдэл гаргалаа. Хамтарсан мэдэгдэлд, тус гэрээний ач холбогдол, хамтын ажиллагааны үр дүнг дурдаж, хоёр талын стратегийн хэтийн төлөвийн зорилтуудыг тодорхойллоо.