Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийн таамаглалаа 2.3-2.5 болгон бууруулснаа мэдээллээ.
Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм: Шуургыг сөрөх нь” 2022 оны дөрөвдүгээр сарын 4-нд танилцуулсан тайланд “КОВИД-19 цар тахлын хүндрэлээс шалтгаалж, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн сэргэлт жигд бус байна. Үүнд Украин улсад болж буй нөхцөл байдал, КОВИД-19 цар тахалтай холбоотой эдийн засгийн хямрал, АНУ-ын хатуу мөнгөний бодлого болон БНХАУ-ын “Тэг-КОВИД” бодлого зэрэг нь эрсдэлийг улам бүр нэмэгдүүлэх төлөвтэй байна” хэмээн дурдсан байна.
The estimated impact on EAP countries’ growth of international developments
Тухайлбал, Украины нөхцөл байдал болон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулж, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж, дэлхийн өсөлтийг сааруулж байна. Үүнд шатахууныхаа дийлэнх хэсгийг импортолдог Монгол болон Тайланд, хүнсний импортоос хэт хамааралтай Номхон далайн арлын улс орнуудын бодит орлого буурч байна. Их хэмжээний өртэй Лаос болон Монгол Улс, экспортоос ихээхэн хамааралтай Малайз болон Вьетнам зэрэг улс орон дэлхийн санхүү, эдийн засгийн цочролд өртөмтгий байхаар байна хэмээн онцолсон байна.
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн тайланд дурдсанаар инфляц өсөж өндөр түвшинд хүрсэн, гадаад худалдааны тасалдал үргэлжилсээр байгаа, гадаад санхүүжилтийн нөхцөлүүд урьд өмнөхөөс илүү чангарах хүлээлттэй болсон, мөн геополитикийн нарийн төвөгтэй асуудал шинээр бий болж эрсдэл нэмэгдсэн зэрэг нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022 онд үлэмж хязгаарлаж байна. Эдийн засгийн сэргэлт хойшилж удаашрахын зэрэгцээ инфляц ихээр өссөн байгаа сөрөг орчинд Монгол Улс урьдчилж харах боломжгүй гэнэтийн цочролууд, хосолмол эрсдэлтэй нүүр тулж байна. Эдгээрийн нэг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-тай хийх худалдааны гол боомтууд хаалттай хэвээр байгаа хүндрэлтэй асуудал бөгөөд нөгөө нь Украин-ОХУ-ын шинэ нөхцөл байдал, түүний эдийн засаг дахь сөрөг үр дагаврууд юм” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран дурдан “Үүссэн хүнд нөхцөл байдалтай уялдан Монгол Улс стагфляцийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого буюу хариу арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай” хэмээн тэмдэглэлээ.
Эх сурвалж: World Bank East Asia and the Pacific Economic Update April 2022, Asian Development Outlook 2022