ОХУ-ын Зэвсэгт хүчин Зүүн цэргийн тойргийнхоо хариуцлагын бүсэд “Восток-2022” стратегийн команд штабын цэргийн хээрийн сургуулилалтыг маргааш буюу есдүгээр сарын 1-нээс эхлэн долоо хоногийн хугацаанд хийх болсон тухайгаа тус улсын Батлан хамгаалах яамнаас саяхан мэдэгдлээ.
Тус сургуулилтад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ) болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн, түнш, ажиглагч улсуудын цэргийн шуурхай удирдлага, ажиллагааны бүлэг, цэргийн анги салбарууд, цэргийн ажиглагчид оролцох бөгөөд сургуулилтад нийтдээ 50 мянга гаруй цэргийн албан хаагч, 5000 гаруй цэргийн зэвсэглэл техник, түүний дотор 140 нисэх онгоц, 60 байлдааны хөлөг онгоц оролцож байна.
“Восток-2022” цэргийн сургуулилтын стратегийн зорилго нь Оросын зүүн чиглэлд цэргийн аюулгүй байдлыг хангах, түрэмгийлэлийг няцаах, Алс Дорнодын тэнгисийн бүс, ялангуяа Японы тэнгист далайн зам харилцаа, далайн эдийн засгийн үйл ажиллагааныхаа бүсийг хамгаалах, далайн эрэг орчимд хуурай замын хүчнийг дэмжих хамтарсан цэргийн ажиллагааг Номхон далайн флот, Хятадын тэнгисийн цэргийн хүчин, ХАБГБ-ын анги салбартай хамтран боловсруулах юм байна. Тус сургуулилтыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал В.Герасимов биечлэн удирдаж байна.
Хээрийн сургуулилтын зорилт нь зүүн чиглэл, Алс Дорнодын тэнгисийн бүсэд түрэмгийллийг няцаахад төрлийн цэргийг ашиглах, цэргийн удирдлага, харилцан ажиллагаанд дарга, захирагч, командлагч, штабуудын ур чадварыг дээшлүүлэх, энх тайвныг сахиулах, ашиг сонирхлыг хамгаалах, цэргийн аюулгүй байдлыг хангах, хамтарсан үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд холбоотон, эвслийн орнуудын цэргийн бүлгүүдийн уялдаа холбоо, харилцан үйлчлэл, хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх явдал гэж үзэж байна.
“Восток-2022” цэргийн сургуулилтад Зүүн тойргийн цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл ангиуд, Агаарын цэргийн хүчин, Алсын зайн болон цэргийн тээврийн нисэх хүчин, Агаарын десантын цэрэг, холбоотон, түнш орнуудын штабын офицерууд, цэргийн анги салбарууд, түүний дотор Хятадын ардын чөлөөлөх армийн ангиуд, нисэх хүчин, тэнгисийн цэргийн хүчин, Азербайжан, Алжир, Армен, Беларусь, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Хятад, Лаос, Монгол, Никарагуа, Сири, Тажикистан улсын цэргийн албан хаагчид оролцож байна.
Хээрийн сургуулилт хоёр үе шатаас бүрэлдэх бөгөөд гурван өдөр үргэлжлэх эхний шатанд дайсны агаарын довтолгоог няцаах ажиллагааг Князь-Волконский, Сергеевский, Успеновский, Горячие Ключи, Лагунное, Бурдуни зэрэг хосолмол болон агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай зургаан сургалтын полигонд явуулна.
Дөрвөн өдөр үргэлжлэх сургуулилтын II шатанд зүүн чиглэлд дайсныг бут цохих зорилготой цэргийн бүлэглэл хүчний стратегийн давшилтын ажиллагааг Новосельский, Телемба, Анна Бэй зэрэг гурван нисэх хүчний полигонд болон Японы тэнгис, Агнуурын тэнгис, эрэг орчмын бүсэд явуулна. Тухайлбал, Агнуурын тэнгис, Японы тэнгист Оросын Номхон далайн флот болон Хятадын Тэнгисийн цэргийн хүчин хамтарсан ажиллагаа явуулна. Гэвч хээрийн сургуулилтын гол ажиллагаа, маневрыг Приморийн хязгаарын Сергеевскийн сургалтын полигон дээр боловсруулахаар төлөвлөж байна.
“Восток-2022” цэргийн сургуулилттай холбогдуулан АНУ-ын засаг захиргаа: “Бүрэн эрхт, тусгаар улсууд өөрсдийн нутаг дэвсгэр дээр хамтарсан хээрийн сургууль явуулах нь тэдгээрийн эрхийн асуудал” хэмээн мэдэгдэж байгаа бол Украины дайны өнгөн дээр Алс Дорнод, тэр дундаа Курилын арлууд дээр тус хээрийн сургуулилт явагдаж буйд санаа зовниж байгаагаа Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Мацуно илэрхийлж байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам хэвлэл мэдээллийн хэрэгслээр хээрийн сургуулилтын талаар тогтмол мэдээлж, тус улсад суугаа бүх цэрэг-дипломатын корпусын төлөөлөгчдийг сургуулилтын оргил үед ажиглагчаар оролцохыг урьсан явдал нь сургуулилтыг нэлээд ил тод болгож байна.
“Восток-2022” сургуулилтын газар, агаар, тэнгисийн цэргийн маневр нь Орос болон түүний холбоотнуудын цэргийн аюулгүй байдлыг хангах, ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, цэрэг-стратегийн хориглолтын төдийгүй давшилт, довтолгооны шинжийг агуулж байгаагаараа онцлог юм.
Энэ удаагийн сургуулилтад ОХУ нь ХАБГБ болон ШХАБ-ын гишүүн, холбоотон, түншүүдээ зэвсэглэл, техник, ар талын хангалтаар сайтар хангаж, түлхүү татан оролцуулж байгаа нь түүний олон улсад байр суурь, нөлөөгөө бэхжүүлэх, цэргийн аюулгүй байдлаа хамтын хүчээр хангах гэсэн бодлоготой нь холбоотой.
Тухайлбал, Оросын цэргийн ар талын ангиуд “Восток-2022” сургуулилтад оролцох холбоотны цэргүүдэд зориулж хамгийн сүүлийн үеийн автономит тоног төхөөрөмжтэй АПЛ-500 хээрийн бааз болон орчин үеийн 100 орчим тооны майхан барьж байгуулан цэргийн албан хаагчдын тав тухтай байдлыг хангаж байна.
Таван зуун цэргийн багтаамжтай АПЛ-500 хээрийн бааз нь тус бүр 16 хүний багтаамжтай орчин үеийн хүрээ майхнуудаас бүрддэг. Хүйтний улиралд майханд тав тухтай байдлыг халаагчаар, дулаан улиралд агааржуулагчаар хангадаг. Тус хээрийн бааз нь дотроо гал тогоо, угаалгын газар, шүршүүр, бие засах газартай бөгөөд дизель мотороор цахилгаан эрчим хүчийг тасралтгүй хангадаг.