АНУ-ын Төрийн Департаментаас Тайваньд 1.1 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх талаар есдүгээр сарын 2-нд мэдэгдсэн юм. Тус зэвсгийн шинэ багцад 655 сая ам.долларын өртөгтэй радарын анхааруулах систем, түүнийг дагалдах тоног төхөөрөмж, хөлөг онгоц устгах зориулалттай 355 сая ам.долларын агаар-тэнгис ангиллын HARPOON пуужин 60 нэгж, 85 сая ам.долларын агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай агаар-агаар ангиллын SIDEWINDER пуужин 100 нэгж багтаж байна.
Эх сурвалж: https://www.dw.com/en/us-greenlights-11-billion-arms-deal-with-taiwan/a-63007976
Тайванийн Батлан хамгаалах яам тус мэдэгдэлд талархаж байгаагаа илэрхийлээд, энэхүү багц тусламж нь Тайванийн хоолой, Энэтхэг-Номхон далайд аюулгүй байдал, энх тайвныг хамтран хамгаалах, батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэх, Хятадын сүүлийн үеийн “өдөөн хатгасан” цэргийн ажиллагаа, цэргийн аюул, заналхийлэл, дарамт шахалтыг даван туулахад чухал ач холбогдолтой гэж үзжээ
АНУ Тайваньд зэвсэг шинээр нийлүүлэх нь Хятад-Америкийн харилцаа, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна хэмээн Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Л.Пэнгю мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн Депертамент тус зэвсгийн шинэ багцыг “Тайванийн зэвсэгт хүчнээ шинэчлэх, найдвартай хамгаалалтын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн, Тайванийн аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай, чухал ач холбогдолтой хэлэлцээр” хэмээгээд “Тайванийн эсрэг явуулж буй цэрэг, дипломат болон эдийн засгийн дарамт шахалтаа зогсоож, түүнтэй яриа хэлэлцээ хийх”-ийг Бээжинд уриалсан байна.
АНУ-аас Тайваньд нийлүүлэх зэвсгийн шинэ багц нь Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргааны үед Тайваньд нийлүүлэх зэвсгийн хамгийн том багц бөгөөд эцсийн шийдвэр Конгрессын зөвшөөрлөөр хүчин төгөлдөр болох ёстой. АНУ-ын Төрийн Департаментаас зарласан зэвсэг нийлүүлэх тус хэлэлцээрийг Тайванийг хүчтэй дэмжигч АНУ-ын Конгресс санал хураалтаараа саадгүй батлах нь тодорхой байна.
Сүүлийн саруудад АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга, Конгрессын гишүүд, Амбан захирагч нарын Тайваньд хийсэн шил дараалсан айлчлал болон өнгөрсөн долоо хоногт АНУ Тайваньд дээрх зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргасан нь Тайванийн хоолойн цэрэг-улс төрийн өнөөгийн байдлыг болон Хятад-Америкийн цаашдын харилцааг улам хурцатгах төлөвтэй байна.