Умард тэнгисийн маршрутын дэд бүтцийг хөгжүүлэх талаар ОХУ идэвхтэй бодлого хэрэгжүүлж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр анхны ачаа тээвэр явуулж туршаад байна. Энэхүү маршрут нь Суэцийн сувгаар дамжих ачаа тээврийн коридорыг орлох нэг хувилбар тул ОХУ-ын зүгээс стратегийн ач холбогдолтой хэмээн зарлажээ. Үүний үр дүнд Умард тэнгисийн коридороор 2023 онд хийсэн ачаа тээвэр 36 сая.тн-д хүрч цаашид өсөх хандлагатай байгаа юм.
Байгалийн баялаг, газарзүйн байршил нь тус бүс нутгийн ач холбогдлыг нэмэгдүүлдэг боловч цаг уурын хүнд нөхцөл байдал зэргээс хамаарч удаан хугацааны турш дэлхийн эдийн засгийн хөгжлөөс ангид байв. Өнгөрсөн онд болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин «XXI зууны Оросын хөгжлийн тэргүүлэх бүс нутаг бол Алс дорнодын бүс нутаг» хэмээн зарласнаас гадна, стратегийн тэргүүлэх чиглэл бол Арктикийн бүс нутаг хэмээн онцлон тэмдэглэж байв. Ингэхдээ, Алс дорнодын бүс нутагт сүүлийн 10 жилд онцгой анхаарч аж үйлдвэр байгуулан ажлын байрыг нэмэгдүүлж, татварын хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, иргэдийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн хэмээн дүгнэв. Энэ нь Оросын зүгээс тус бүс нутагт онцгой анхаарал хандуулж байгаагийн илрэл билээ. Үүнтэй холбоотойгоор Оросын зүгээс Арктикийн бүс нутагт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан Үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн N 654 тоот зарлигаар “ОХУ-ын Арктикийн бүсийн хөгжлийн стратеги болон 2035 он хүртэлх үндэсний аюулгүй байдлыг хангах стратеги[1]” баримт бичгийг баталж тус бүс нутгийн байгалийн баялаг, дэд бүтцийн ач холбогдлыг дурдан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгажээ. Жишээлбэл, “ОХУ нь Арктикийн бүс нутгаас байгалийн хийн 80 хувь болон газрын тосны 17 хувийг олборлодог[2]” буюу тус улсын байгалийн баялгийн стратегийн онц ач холбогдол бүхий нөөц хэмээн баримт бичигт дурджээ.
Мөн Умард тэнгисийн маршрут нь дэлхийн хэмжээний ачаа тээврийн коридор болохын хувьд дотоодын хийгээд олон улсын тээврийг цаг агаарын нөхцөл байдлаас үл шалтгаалан нэмэгдэх хандлагатай байна[3] хэмээн тусгажээ.
Оросын зүгээс Умард тэнгисийн замд ач холбогдол өгч байгаа нь нэг талаас олон улсын ачаа тээврийн логистик, нөгөө талаас Оросын эрчим хүчний салбарын олборлолт болон дэд бүтцийн сүлжээний нэг хэсэг болж байгаатай холбон ойлгож болно. Олон улсын дэд бүтцийн нэг хэсэг болохын хувьд Энэтхэг болон Хятадаас гарсан ачаа Суэцийн сувгаар 40-50 хоногт Европт хүрдэг бол Умард маршрутаар хоёр дахин бага хугацаанд тээвэрлэж байгаа аж.
Харин Оросын Засгийн газраас Умард тэнгисийн замыг 2035 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг 2022 оны наймдугаар сард баталжээ. Уг төлөвлөгөөний дагуу 150 гаруй ажил төлөвлөж 1,8 их наяд рубль төсөвлөсөн байна. Хүрэх зорилтын тухайд тус маршрутаар 2030 он гэхэд 150 сая.тн, 2035 он гэхэд 220 сая тн ачаа тээвэрлэх чадамжтай болно хэмээн тооцоолжээ.
Зураг. Умард тэнгисийн логистикийн коридор
Эх сурвалж: news-life.info
[1] Указ Президента Российской Федерации от 26.10.2020 г. № 645 О Стратегии развития Арктической зоны Российской Федерации и обеспечения национальной безопасности на период до 2035 года http://www.kremlin.ru/acts/bank/45972
[2] Баримт бичгийн 2 дугаар бүлгийн 5-ын “а” заалт
[3] Баримт бичгийн 2 дугаар бүлгийн 5-ын “г” заалт