НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн болон хүн амын өсөлт, хотжилт, байгалийн баялгийн эрчимтэй ашиглалт зэргээс улбаалан усны хомсдолын асуудал дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Усны нөөцийн хомсдолоос сэргийлэх асуудал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, түүний дотор хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1-д усны нөөцийн хомсдолоос сэргийлэх талаар найман стратегийн зорилтыг дэвшүүлсэн байдаг.
Монгол Улсад усны нөөцийн хомсдолын асуудал нь юуны өмнө Улаанбаатар орчмын Туул голын бохирдол, тасалдал, уул уурхайн усны хэрэгцээтэй салшгүй холбоотой байна.
Өнөөдөр Улаанбаатарын бүрэн цэвэрлэгдээгүй ахуйн болон үйлдвэрээс гарсан бохирын ус, гэр хорооллын хөрсний бохирдол бороо цасны усаар дамжин Туул гол руу шууд урсаж байгаагаас үүдэн Төв аймгийн Алтанбулаг сум өнгөртөл Туул голоос хүн мал ундаалах нь туйлын бохирдолтой зэрэглэлд тооцогдож байна.
Туул голын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны түрүүнд Туул голын эхэнд усан сангийн цогцолборыг байгуулах нь зүйтэй бөгөөд ингэснээр нийслэл хотын усан хангамжийг найдвартай хангах, томоохон үйлдвэр объектын ус хангамжийг шийдвэрлэх, Туул голын сав газрын экосистемийн таатай нөхцөлийг бүрдүүлж жилийн аль ч улиралд урсац нь тасрахгүй болгох, хур борооны үерийн их урсцыг хуримтлуулах, Улаанбаатарыг их үерийн эрсдэлээс хамгаалах боломжтой.
Мөн Туул голын экологийн урсцыг бүрдүүлж гол тасрах аюулаас сэргийлж Улаанбаатар хотын ус хангамж түүний дотор гэр хорооллын шинэ төлөвлөлтийн бүс, ДЦС-5, Хөшигтийн хөндийн нисэх буудал, шинээр баригдах эдийн засгийн чөлөөт бүс, Богд уулаа тойрсон дагуул хотуудыг ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, унд ахуйн усан хангамжаас үйлдвэрийн усан хангамжийг тусад нь шийдвэрлэснээр үйлдвэрлэл хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх төдийгүй Байгаль нуур, Сэлэнгийн сав газрын усны илүүдэл тасалдал бохирдлыг эергээр шийдвэрлэх боломжтой.
Мөн аялал жуулчлал усан спорт хөгжүүлэх, хүн амын төвлөрөл утаа тоосжилт ихтэй Улаанбаатар хотын дээд талд томоохон усан толио нуур үүсгэснээр усны ууршилт явагдаж утаа, тоосжилтыг эрс багасгаж хотын агаарын чанарыг сайжруулах зэрэг ач холбогдолтой.