ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2022 оны хоёрдугаар сарын 10-нд Аюулгүйн зөвлөлд цагаачлалын комисс байгуулах 48 тоот зарлигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Оросын цагаачлалын талаарх төрийн бодлогыг сайжруулах тус комиссыг Аюулгүйн зөвлөлийн даргын орлогч Дмитрий Медведев тэргүүлж Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд цагаачлалын процессыг улс орны нийгэм эдийн засгийн хөгжилтэй уялдуулан ажиллах ажээ.
Тус комиссын зорилго нь Оросын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд цагаачлалын бодлогыг улс орны нийгэм эдийн засгийн хөгжилтэй уялдуулахаас гадна цагаачлалын бодлогыг хэрэгжүүлэгч төрийн бусад байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулахад оршиж байна. Комиссын бүрэлдэхүүн дараах бүтэцтэй байна. Үүнд,
- ОХУ-ын Ерөнхий прокурор;
- Холбооны аюулгүй байдлын албаны дарга;
- Мөрдөн байцаах хорооны дарга;
- Яамдын сайд нар;
- Засгийн газрын зарим төлөөлөгч;
- Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн Дум, Холбооны Зөвлөл зэрэг байгууллагын төлөөлөл;
- Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч;
- Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн;
- Оросын үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн нар багтжээ.
Комиссын үүрэг нь Оросын цагаачлалын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, энэ чиглэлээр үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй дотоод, гадаад аюул заналыг тодорхойлох, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлд холбогдох санал, зөвлөмж бэлтгэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй байх бөгөөд комиссын хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хийхээр баримт бичигт тусгажээ.
Оросын хөрш орнуудын дотоод нөхцөл байдал нь бүс нутагт тогтворгүй байдал үүсгэхээс гадна, хилийн чанад дахь орос иргэдийн асуудлыг хөндөж байгаа нь Оросын Аюулгүйн зөвлөлд цагаачлал, иргэдийн шилжилт хөдөлгөөний комисс байгуулахад хүргэсэн байна. Өмнө нь 2021 оны долоодугаар сард батлагдсан Оросын Үндэсний аюулгүй байдлын стратегийн “Стратегийн тогтвортой байдал болон олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа” бүлгийн 11 дүгээр заалтад “ОХУ-ын хөрш улсын нутаг дэвсгэрт тогтворгүй байдлын голомт үүсэхээс урьдчилан сэргийлэх болон намжаахад туслах” хэмээн заалтыг оруулсан. Мөн стратегийн “Батлан хамгаалах” бүлгийн 5 дугаар зүйлд “хилийн чанад дахь ОХУ-ын иргэдийг болон үндэсний ашиг сонирхлыг хамгаалах” хэмээх заалт оруулсан нь одоо өрнөж буй Украины дорно бүсэд тусгаар тогтнолоо зарлаад байгаа Луганск, Донецкт 720 мянга орчим орос паспорттой иргэдийг татах эрх зүйн үндэс болж байна.
Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эдгээр иргэнд бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж олгох асуудлыг судалж тавдугаар сарын 01-ний дотор шийдвэрлэх үүргийг Засгийн газарт өгөөд байсан хэдий ч дээрх бүс нутгаас сүүлийн өдрүүдэд 53 мянга гаруй дүрвэгч хил залгаа Ростов мужид ирсэн талаар Онцгой байдлын албаныхан мэдээлэв. Дүрвэгчдэд тэтгэмж өгөх зорилгоор Холбооны төсвөөс Ростов мужийн төсөвт 5 тэрбум рубль тусгаж, шилжилт хөдөлгөөнөөр ирсэн иргэн тус бүрт 10 мянган рубль олгохоор болсон байна.