“Ард түмний эв нэгдэл ба системийн шинэчлэл-Улс орны хөгжлийн гол үндэс”

Цар тахлын дараах эдийн засгийн хөгжил

Бид 2025 оны Үндэсний хөгжлийн төлөвлөгөөг баталж, дунд хугацааны эдийн засгийн бодлогыг тодорхойлох, төрийн санаачилгыг системчлэх төрийн төлөвлөлтийн шинэ тогтолцоонд шилжсэн.

Энгийн зүйлийн эдийн засаг хөтөлбөр нь үр дүнтэй болох нь батлагдсан. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3500 гаруй төслийг эхлүүлж, 70,000 ажлын байр бий болгож, 3.5 их наяд тенге (8.2 тэрбум гаруй ам.доллар)-аар бараа үйлчилгээ үйлдвэрлэжээ. “Бизнесийн замын зураг” хөтөлбөрийн хүрээнд 66 мянган төсөлд төрийн дэмжлэг үзүүлсэн ба энэ нь 150,000 гаруй ажлын байр бий болгож, тогтворжуулахад нөлөөлсөн. Энэхүү хөтөлбөрүүдийн хугацааг 2022 он хүртэл сунгахаар шийдсэн. Тэдний санхүүжилтэд зориулагдсан хөрөнгийн хэмжээ дор хаяж нэг их наяд тенге (2.3 тэрбум ам.доллараас дээш) байх болно.

Тэтгэврийн хуримтлалыг эрт ашиглах санаачилга нь эдийн засгийн болон нийгэмд чухал үр нөлөөтэй байв. Энэхүү арга хэмжээ нь сая гаруй иргэдэд орон сууцны нөхцөлөө сайжруулах эсвэл моргейжийн зээлийн дарамтыг бууруулахад нөлөөлсөн юм.

Эдийн засагт төрийн оролцоо хэт их байгаа нь эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг ноцтой бууруулж, авилга, хууль бус лобби хийхэд хүргэж байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд олон салбарт давамгайлж, монополь давуу эрх эдэлсээр байгаа билээ.

Казахстаны газар тариалангийн салбарт маш олон асуудал хуримтлагдсан. Хүнсний бүтээгдэхүүний үнэ, хуваарилалтад дутагдалтай асуудал байна. Хөдөө аж ахуйн бодлого тогтворгүй байгаа нь салбарын сайд солигдоход бодлого нь дагаад өөрчлөгдөж байгаатай холбоотой. Тиймээс ерөнхий нэг чиглэл гаргаж ажиллах нь чухал байна. Зохицуулалтын хүрээг бэхжүүлэх, үр дүнтэй төлөвлөлт, хяналтын системийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Татаас олгох журам нь ойлгомжтой, ил тод байх ёстой. Жижиг, дунд фермерийн аж ахуйд татаасыг бүрэн олгох ёстой.

Энэ жил хөдөө аж ахуйн зориулалттай газрыг гадаадын иргэд, гадаадын оролцоотой компаниудад худалдах, түрээслэх үйл ажиллагааг эцэслэн зогсоох тухай хуульд гарын үсэг зурсан. Дотоодын хөрөнгө оруулагчдыг хөдөө орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулахыг дэмжих зорилгоор Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.

Улс оронд залуу, боловсролтой, урам зоригтой боловсон хүчин хэрэгтэй байна. Цахимжуулах үндэсний төсөлтэй уялдуулан дор хаяж 100,000 мэдээллийн технологийн өндөр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байна. Мөн төрийн үйлчилгээг цахимжуулснаар давхардал, үр ашиггүй зардал, хүнд суртлыг арилгаж, төрийн үйлчилгээг иргэд ухаалаг гар утаснаас 100 хувь авах боломжтой болно.

Афганистан дахь нөхцөл байдал, дэлхийн хурцадмал байдал өсөж байгаатай холбогдуулан цэрэг-аж үйлдвэрийн салбар, цэргийн номлолыг дахин шинэчлэх шаардлагатай. Мөн гаднаас ирэх аюул заналхийлэлд бэлэн байж, үүсэж болзошгүй нөхцөлийн сценарийг боловсруулж, стресс тест хийх шаардлагатай бөгөөд үүний үндсэн дээр төрийн аппаратын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, тохируулах шаардлагатай байна.

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах

Казахстан бол вирусийн эсрэг өөрийн вакциныг гаргасан цөөхөн орны нэг юм. Бусад улсууд манай вакциныг сонирхож эхэлсэн бөгөөд QazVac вакциныхаа үр ашиг, аюулгүй байдалд бид эргэлзэхгүй байна. Ойрын ирээдүйд дэлхий даяар коронавирусийн шинэ омог гарч болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Бид цар тахлын энэ нөхцөл байдалд дасан зохицож сурах хэрэгтэй юм.

Улс орны био-аюулгүй байдлын урьдчилсан тооцооны системийг бий болгох хэрэгтэй байна. “Эрүүл үндэстэн” төслийн хүрээнд дор хаяж 12 лабораторийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөж байгаа. Энэ нь лабораториудын олон улсын стандартад нийцэх түвшинг 90% хүртэл нэмэгдүүлэх болно. Эмнэлгийн салбарт ихээхэн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд үүнд дэд бүтэц, боловсон хүчин, эмийн хангамжийн асуудал багтаж байна. Мөн дотоодын үйлдвэрлэлийн эм, эмнэлгийн хэрэгслийн эзлэх хувийг 2025 он гэхэд одоо байгаа 17-аас 50 хувь хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Чанартай боловсрол

Энэ оны нэгдүгээр сараас багш нарын цалин 25 хувиар нэмэгдсэн. Дараагийн гурван жилийн хугацаанд 1.2 их наяд тенге (2.8 тэрбум гаруй доллар) нэмж хуваарилах болно. Алсын зайн сургалтын форматын мэдээллийн системийн чанарыг сайжруулахыг Засгийн газарт үүрэг болголоо. Манай боловсрол хүртээмжтэй байх ёстой.

Сургуулиудын байрны хомсдол нь хурц асуудал хэвээр байна. Тиймээс би 2025 он гэхэд 1000 сургууль барих чиглэл өгсөн. Үүнээс гадна амжилт үзүүлж буй сурагчдыг дэмжинэ. Бид тэдэнд их дээд сургуульд өрсөлдөхгүйгээр элсүүлэх тэтгэлэг олгож, нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох болно. Эдгээр хүүхдүүдэд хичээл заасан багш нарт санхүүгийн хувьд урамшуулах ёстой. Мөн багш нарын давтан сургалтыг одоогийнх шиг таван жил биш гурван жил тутамд хийх шаардлагатай гэж би үзэж байна. Өөр нэгэн чухал тэргүүлэх чиглэл бол шинжлэх ухааны хөгжил юм. Тэргүүлэх эрдэмтдийн тогтвортой, зохистой цалин хөлсийг хангахад анхаарна.

Бүсийн бодлогыг сайжруулах

Бүх шатны засаг дарга нар бие даасан шийдвэр гаргах чадвар сул байна. Тэд төвөөс зааварчилгаа хүлээдэг. Энэ нь Засаг дарга нарын иргэдийн өмнө хүлээх хариуцлагын өнөөгийн түвшин хангалтгүй байгаатай холбоотой юм. Тэдний үйл ажиллагааны үнэлгээ нь тухайн бүс нутгийн иргэдийн санаа бодлоос хамаардаггүй. Тиймээс эдгээр Засаг дарга нарын ажлыг үнэлэх механизмыг оновчтой болгох шаардлагатай байна. Бие даасан санал асуулга явуулах нь зүйтэй.

Тэнцвэргүй байдлыг бууруулах гол арга хэрэгслийн нэг бол төсвийн зардлыг эрэмбэлэх явдал юм. Улсын төсвөөс хөрөнгө хуваарилах нь Засаг дарга нарын байр суурь, хувийн харилцаа болон бусад субъектив хүчин зүйлээс хамаарах ёсгүй.

Төслийн өртгийг хэт өндөр үнэлэх нь хурц асуудал хэвээр байна. Энэ нь цэцэрлэг, сургууль гэх мэт жижиг байгууламжаас авахуулаад дэд бүтцийн томоохон төслүүдэд хоёуланд нь хамаатай. Одоогийн зохицуулалтын тогтолцоо, практикийг аль болох богино хугацаанд эрс шинэчлэх ёстой.

Улс орны байгаль орчны асуудал, тэр дундаа агаарын чанарт ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай. Дунд хугацаанд хамгийн их бохирдолтой 10 хотыг хийн түлшээр хангаж, өөр эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх шаардлагатай байна. Баруун бүс нутгийн байгалийн хийн хангамжийн байдлыг сайжруулахын тулд энэ онд нийт 700 тэрбум тенге (1.6 тэрбум ам.доллар) бүхий гурван төслийг хэрэгжүүлж эхэлнэ.

2030 он гэхэд дэлхийн усны хомсдол 40%-д хүрнэ хэмээн таамаглах болсон. Тиймээс бид хамгийн сүүлийн үеийн технологи, цахим байдлыг ашиглан усны хэмнэлтээ сайжруулах хэрэгтэй байна. Усны экосистемийг хадгалах, нөөцийг зөв ашиглахын тулд бид 120 сувгийг сэргээн засварлах ажлыг эхлүүлнэ. Ундны усны хангамжийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Тиймээс таван жилийн дотор хот, тосгоныг ундны цэвэр усаар 100 хувь хангах үүргийг Үндэсний бүсчилсэн хөгжлийн төсөлд даатгасан.

Хөдөлмөрийн зах зээлд үр дүнтэй байдлыг бий болгох

Казахстан нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд дотроо хүлээн авсан цагаачдынхаа тоогоор хоёрдугаарт ордог. Тиймээс цагаачдын асуудал нь улсын хөдөлмөрийн зах зээлд ихээхэн нөлөө үзүүлдэг. Энэхүү асуудалд зөв шийдэл олох шаардлагын улмаас цагаачлалын бодлогын шинэ үзэл баримтлалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнд гадаадад ажиллаж буй иргэдийнхээ эрхийг хамгаалах асуудлыг ч тусгах хэрэгтэй.

Мөн дотоодын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний асуудлыг анхааран үзэж өмнөдөөс дорнодруу шилжин ажиллаж буй хүмүүст тухайн газарт байр байшин барихыг зөвшөөрөхөөс гадна хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах газар өмчлүүлэх гэх мэтээр өөрсдийн бизнесээ эрхлэх боломжоор хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.

Энд чухалчлахыг зорьж буй нэг зүйл бол Казахстан бол нийгмийн хамгааллын систем сайн хөгжсөн улс бөгөөд хүнд нөхцөл байдалд буй иргэддээ цогц тусламж үзүүлэх нь бидний тэргүүлэх зорилтуудын нэг. Харамсалтай нь тэдгээр тусламж зорилтод хүмүүстээ хүрэхгүй, дундаас завшигчид хулгайлж байгаа нь нийгэмд буруу сэтгэлзүйг үүсгэж, үнэнчээр ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн урмыг хугалж байна. Манай улсын нөөц боломж их ч хязгааргүй биш гэдгийг ухамсарлан хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Улс төрийн шинэчлэлт болон хүний эрхийг хамгаалах

Улс төрийн үе шаттай шинэчлэл нь манай улсын стратегийн үндсэн зорилтуудын нэг юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн бодит өөрчлөлтүүдийг хийж чадсан. Шинэ хууль баталж жагсаал цуглаан зохион байгуулах төлөвлөгөөгөө мэдэгдэх зарчмыг тусгасан бөгөөд Мажилис-д орох улс төрийн намуудын босгыг авсан саналын 5 хувь хүртэл бууруулсан ба саналын хуудсанд “бүхний эсрэг” гэсэн сонголтыг нэмж оруулсан. Эдгээр өөрчлөлтүүд нийгмийн зүгээс ихээхэн дэмжлэг авсан бөгөөд энэ нь ардчилсан тогтвортой хөгжлийг бэхжүүлж, улс төрийн системийг чанаржуулан өөрчилж, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг дэмжиж байна. Бидний зорилго бол төрийн үр ашигтай үйл ажиллагааг дээшлүүлж, улс төрийн үйл явцын ил тод байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх явдал юм тиймээс улс төрийн шинэчлэлийг цаашид ч гэсэн үргэлжлүүлнэ.

Энэ жил улс төрийн шинэчлэлийн хүрээнд хийсэн хамгийн чухал алхам бол хөдөө орон нутгийн даргыг шууд сонгодог болгосон явдал юм. Энэ шийдвэр нь хөдөө орон нутгийн иргэдийн өөрөөр хэлбэр казах иргэдийн 40 гаруй хувийн ашиг сонирхолд нөлөөлж байна. 2024 онд дүүргийнхээ засаг даргыг туршилтын горимоор сонгох боломжтой болно.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын цаашдын шинэчлэлийн чухал хүчин зүйл бол иргэний соёлыг хөгжүүлэх явдал юм. Ерөнхийлөгчийн тамгын газар хөдөө орон нутгийн иргэдийн санаачилгыг дэмжих үр дүнтэй механизмыг хөгжүүлэх хэрэгтэй байна.

Сонгуулийн нэрсийн жагсаалтад эмэгтэйчүүд, залуучуудын 30 хувийн квот оруулсан нь намуудыг идэвхтэй ажиллаж, эгнээгээ шинэчилж, шинэ хүн хайхад түлхэц үзүүлсэн.

Манай улс хүний эрхийн асуудлыг онцгойлон авч үздэг.  Энэ оны нэгдүгээр сард би цаазаар авах ялыг халах зорилготой иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын конвенцын хоёр дахь нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зурсан.

Үндэсний эв нэгдэл нь цаашдын хөгжлийн гол хүчин зүйл

Казахстан нь нийгмийн бүхий л хүрээнд ихээхэн өөрчлөлт бий болсон шинэ эрин үе рүү орж байна. Дэлхий нийтэд тогтворгүй байдал, олон тооны шинэ сорилтууд үүсэж буй энэ нөхцөл байдалд бид үнэт зүйлээ бэхжүүлж, ирээдүйнхээ тодорхой дүр төрхийг бүрдүүлэх хэрэгтэй байна. “Өвөрмөц байдлаараа нэгдэх” гэсэн бидний үндсэн зарчим бол өөрчлөгдөшгүй юм.

Үндэстэн ястны хоорондын харилцааны эв найртай хөгжил нь Казахстаны төрийн бодлогын гол чиглэлүүдийн нэг байсан байсаар ч байх болно. Үндсэн хуулиараа бид нэг үндэстэн бөгөөд энэ нь бидний нөхцөлт бус хүч чадал юм. Олон ургалч үзлийг дэмжихийн зэрэгцээ радикализмын аливаа зүйлийг хориглож, улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдахыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой. Үндэстэн хоорондын болон шашин хоорондын эв найрамдалт байдлын чухал чанарыг иргэн бүр ухамсарлах нь чухал юм. Хэл, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж, доромжлохыг тэвчихгүй, хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Казах хэл бол боловсрол, шинжлэх ухаан, соёл, албаны хэл болж байгаа бөгөөд хэрэглээний хүрээгээ улам тэлж байна.  Үндсэн хуулиар төрийн хэл бол Казах хэл, Орос хэл бол албан ёсны хэлний статустай байдаг. Иргэн бүр төрийн хэлээ сурахад хүчин зүтгэл гаргах хэрэгтэй бөгөөд энэ нь жинхэнэ эх оронч үзлийн нэг илрэл юм. Орос хэл бол НҮБ-ын албан ёсны зургаан хэлний нэг тиймээс үүнд эрүүл саруул ухаанаар хандах хэрэгтэй.

Улсынхаа түүхэн өв, соёлын чадавхыг үр дүнтэй ашиглах нь нийгмийг нэгтгэх, үндэсний өвөрмөц байдлыг бэхжүүлэх чухал зүйл юм. Энэ талаар Казахстан олон улсын тавцанд байр сууриа эзлэх өргөн боломж бий. Гэвч соёлын өвийг бүтээж буй мэдлэгтэй, чадвартай, авьяаслаг залуу үеэ үл хайхран тэдгээр нь ивээн тэтгэгчдийн хандиваар амь зогоож буй байдлыг өөрчилж энэ оны эцэс гэхэд Засгийн газар соёл урлаг, түүнд хүчин зүтгэж буй авьяаслаг уран бүтээлчдийг сурталчлахад чиглэсэн практик арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах хэрэгтэй байна.

Бид Бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулах талаар бодолцох хэрэгтэй

          Сэхээтнүүд бол бүх цаг үед улсын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн манай улсын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тэдгээр хүмүүсээ урамшуулан дэмжин ажиллахаа ч орхигдуулж болохгүй. Асар их сөрөг мэдээллийн урсгал орчин үеийн залуу үеийнхний ухамсрыг хордуулж буй энэхүү интернетийн эрин үед тэдэнд эх оронч үзэл суулгах, эрдэм мэдлэгт дурлуулах, ажилч хичээнгүй болгох, эв нэгдэлтэй, хариуцлагатай болгон хүмүүжүүлэхэд сэхээтэн, ухамсартай хүмүүсийн үүрэг оролцоо маш их болж байна.

Similar Posts