БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал (БХАТИХ) болон Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөл (БХУТЗЗ) -ийн чуулгануудыг ХКН-ын бодлогыг ард түмнээр хэлэлцүүлэх “бэлэг тэмдэг” төдий чуулганууд болдог хэмээн барууныхан шүүмжилдэг байсан бол сүүлийн үед тус чуулгануудын  бодит ач холбогдол нэмэгдэж дэлхий нийтээр Хятад улсыг ажиглах чухал цонх гэж үзэх болжээ. БНХАУ-ын БХАТИХ болон БХУТЗЗ-ийн чуулган уламжлалт ёсоор жил бүрийн гуравдугаар сарын эхээр болдог.

БХУТЗЗ – ийн анхны чуулган 1949 оны есдүгээр сард болж ХКН-аар удирдуулсан олон намын хамтын ажиллагааг бий болгож “ардчилсан” байдлаар зөвшилцөх улс төрийн тогтолцоог байгуулсан юм. 1949-1954 онуудад БХУТЗЗ нь БХАТИХ-ын үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд 1954 онд БХАТИХ-ыг байгуулснаар тус хоёр чуулган тусдаа боловч цаг хугацааны хувьд зэрэг хуралддаг болсон түүхтэй.

БХАТИХ-ын анхны чуулган нь 1954 оны есдүгээр сарын 15-нд болж нам, төр, иргэд, цэрэг, орон нутгийн төлөөлөл болсон 1210  хүн оролцож БНХАУ-ын анхны Үндсэн хуулийг баталсан. БХАТИХ-ын бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байдаг бөгөөд жилд нэг удаа чуулдаг тул энэ жилийн чуулган нь 1954 оноос хойш таван жилээр тооцвол 2018 онд болсон 13 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдийн оролцож буй дөрөв дэх хурал юм.

БХАТИХ-ын 13 дахь удаагийн сонгуулийн дөрөвдүгээр чуулганы хуралдаан болон 13 дахь удаагийн сонгуулийн БХУТЗЗ-ийн дөрөвдүгээр чуулган энэ оны гуравдугаар сарын 4-11-нд Бээжин хотноо амжилттай болж өнгөрлөө.           “Хоёр чуулган” бол Хятадын нийгэм эдийн засгийн хөгжилд олсон ололт амжилт, тулгарч буй сорилтуудаа дүгнэн цэгнэж, цаашид баримтлах бодлогоо тодорхойлдог Хятадын улс төр дэх нэгэн томоохон үйл явдал юм.  

2021 он бол ХКН-ын 100 жилийн ой тохиож буй, БНХАУ-ын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөний эхний жил гэдгээрээ их онцлог юм. Тийм учраас энэ жилийн хоёр чуулган дэлхий нийтийн анхаарлыг илүү их татлаа.

Уламжлалын дагуу БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар Засгийн газрын ажлын тайланг танилцуулж 2020 оны ажлаа дүгнэж 2021 оны бодлогын чиглэлээ танилцуулахын зэрэгцээ 13 дугаар таван жилийн төлөвлөгөөгөө дүгнэж 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөг танилцуулав. Мөн БХАТИХ-ын Байнгын хороо, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар, Ардын дээд шүүх ажлынхаа тайланг тавьж хэлэлцүүллээ. Өмнөх жилийн хурлуудаар Гадаад хэргийн сайд Ван И хэвлэлийн бага хурал хийж Хятад улсын гадаад бодлогод гарсан амжилт, цаашдын төлөвлөгөөнийхөө талаар танилцуулдаг байсан бол энэ жилийн хоёр хурлын төгсгөлд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хэвлэлийн бага хуралд оролцож олон улсын сэтгүүлчдийн асуултад хариулсан нь бас нэг онцлох үйл явдал боллоо.

Чуулганы үеэр тавьсан тайлангуудын товч агуулга

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаншугийн тайлангийн товч агуулга

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаншу 3 дугаар сарын 8-нд хурлын үеэр ажлаа тайлагнасан бөгөөд тэрээр БХАТИХ-ын Байнгын хороо өнгөрсөн оны олон улсын ээдрээтэй нөхцөлд Ши Жиньпин даргын хуулиа дээдлэх зарчмыг сайтар хэрэгжүүлж, ажил үүргээ идэвхтэй гүйцэтгэлээ. Тус Байнгын хороо 3 дугаар чуулганаас хойших 10-н сарын хугацаанд хууль тогтоох, хянах, шийдвэр гаргах эрх мэдлээ ухамсартайгаар хэрэгжүүлж 9 хууль баталж, 13 хуульд өөрчлөлт оруулж, хууль болон бусад чухал асуудлаар 8 шийдвэр гаргалаа. Ард түмний хуулиа дээдлэх үзлийг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласнаа дурдаад өнгөрсөн оны ажлын үр дүнгээ доорх байдлаар багцлан илэрхийлэв.

  1. Үндсэн хуулийн хэрэгжилт, хяналтыг бэхжүүлж улс оронд хууль дээдлэх үзлийг төлөвшүүлж, хуулийн нэгдмэл байдлыг хамгаалсан;
  2. Нам болон улс орны гол ажлын ерөнхий нөхцөл байдалд анхаарлаа төвлөрүүлж, иргэдийн сэтгэл санаанд нийцүүлэн гол салбаруудын хууль тогтоомжийг боловсронгуй болгосон;
  3. Хуулийн дагуу хяналт шалгалтын ажил явуулсан;
  4. Төлөөлөгчдийг байр сууриа хадгалж, хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлсэн;
  5. Гадаад харилцаагаа хөгжүүлэхэд анхаарч ажилласан;
  6. Байнгын хороо ажил үүргээ гүйцэтгэх чадвараа бэхжүүлж, өөрийгөө чадавхжуулах байдлаа сайжруулсан гэжээ.

Хөгжлийн шинэ үе шатанд орж буй 2021 онд БХАТИХ-ын Байнгын хороо үүрэг даалгавар, зорилгоо ухамсарлаж идэвхтэй ажиллахаа илэрхийлээд хийх ажлаа доорх байдлаар багцлан хүргэжээ.

  1. Үндсэн хуулийн хэрэгжилт, хяналтыг чангатгаж, Үндсэн хуулийн нэр төрийг хамгаална;
  2. Чухал гол салбарууд, шинээр бий болж буй салбарууд, гадаадтай холбоотой салбарууд дахь хууль тогтоомжийг бэхжүүлж, хуулийн чанар, үр дүнг дээшлүүлнэ;
  3. Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж төрийн байгууллагууд хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг байх явдлыг баталгаажуулна;
  4. Төлөөлөгчдийн ажлыг эрчимжүүлж төлөөлөгчид чухал үүрэг гүйцэтгэх байдлыг сайжруулна;
  5. БХАТИХ-ын гадаад харилцааны ажлыг бүх түвшин, бүх салбарын солилцоо хамтын ажиллагааг өргөжүүлнэ;
  6. Байнгын хороо өөрийгөө чадавхжуулж, ажил үүргээ гүйцэтгэх үзэл суртлын болон улс төрийн байгууллагын сууриа тавина гэжээ.

БНХАУ-ын Ардын дээд прокурорын  газрын ерөнхий прокурор Жан Зуны тавьсан тайлангийн товч агуулга

БНХАУ-ын Ардын дээд прокурорын  газрын ерөнхий прокурор Жан Зун 3 дугаар сарын 8-нд ажлын тайлан тавив. Тус тайланд дурдсанаар БНХАУ-ын Ардын дээд прокурор нь хууль дээдлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж нийт 3 сая хэргийг хянан шийдвэрлэсэн нь  өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Нийт 770.561 хүнийг баривчилж, 1.572.971 хүнд ял оногдуулсан байна.

Хуурамч вакцин үйлдвэрлэх, борлуулах гэх мэт тахалтай холбоотой 7227  гэмт хэрэгтнийг баривчилж, 11 мянган хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 142 мянган кибер гэмт хэрэгтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх жилийнхээс 47.9 хувиар өссөн байна.

Авлигын хэрэгтэй холбогдсон 19760 хүнийг хүлээн авснаас 15346 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж 4013 хүнийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Шаанси мужийн дарга асан Жао Жөнюн болон бусад 12 муж, сайдын алба хашиж байсан хүмүүсийг ялласан байна. Лай Сяомин нь онц их хэмжээний хээл хахуул авч, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн тул цаазаар авах ял оногдуулсан гэжээ. Ардын дээд шүүхийн дарга Жөү Чян Ардын дээд шүүхийн ажлын тайландаа улсын дээд шүүхээр хүлээн авсан хэргийн тоо 2004 оноос хойш анх удаа буурсан гэж мэдэгджээ. Ялангуяа иргэний хэргүүд сүүлийн 15 жилийн хугацаанд жилд дунджаар 10 хувиар өсөж байсан бол өнгөрсөн жил анх удаа буурчээ.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны тайлангийн товч агуулга

Жил бүрийн “Хоёр чуулган”-ы онцлох уламжлалын дагуу Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны тавьсан Засгийн газрын тайлан ” 2020 оны ажлын тойм” “14 дүгээр таван жилийн төлөвлөгөөний гол зорилго, бодлого” ” 2021 оны төлөвлөгөө” гэсэн үндсэн хэсгээс бүрдсэн.

Ли Көцян 2020 онд хийсэн ажлынхаа амжилтаа долоон зүйлээр багцлан илэрхийлэв.

             Үүнд: 1) макро эдийн засгийг тогтвортой барив, 2) ажлын байрыг тогтвортой байлгаж, амьжиргааг бататгав, 3) ядуурлаас ангижрах арга хэмжээ авч хэрэгжүүлэв, 4) өөрчлөлт шинэчлэлтийг улам гүнзгийрүүлэв, 5) шинжлэх ухаан технологийн инновацыг урагшлуулав, 6) хотжилт ба хөдөөгийн хөгжлийг дэмжив, 7) эрхзүйт тогтолцоог сайжруулж нийгмийн тогтвортой байдлыг хангав гэжээ. 

            Хятад улс 2020 онд ковид 19 болон дэлхийн эдийн засгийн уналт зэрэг олон хүнд асуудлуудтай тулгарсан ч эдийн засгаа амжилттай сэргээж 2.3 хувийн өсөлттэй гарсан нь дэлхийд эдийн засгийн эерэг өсөлттэй гарсан цорын ганц улс болжээ. Гэвч энэ нь тус улсын сүүлийн 40 гаруй жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт болсон.

            БНХАУ-ын гаалийн статистикийн мэдээгээр 2020 онд Хятадын гадаад худалдааны нийт дүн 32.16 их наяд юань болж, 2019 оныхоос 1.9 хувиар өссөн байна. Түүнээс экспорт 17.93 их наяд юань буюу 4 хувиар өссөн бол импорт 14.23 их наяд юань болж 0.7 хувиар буурч, худалдааны нийт ашиг 3.7 их наяд юань болж, 27.4 хувиар өсжээ.   

            Мөн тус онд татвар хураамжийг үе шаттайгаар бууруулж, татварын дарамтыг бууруулахад зориулж 2.6 их наяд юань зарцуулсан бол нийгмийн даатгалын шимтгэл 1.7 их наяд юаниар буурчээ.

            Томоохон арилжааны банкуудын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд өгөх зээл 50 хувиар өсөж, хөдөөгийн ядуу 5.51 cая хүнийг ядуурлаас гаргаж 52 хошуу ядуурлын байдлаас ангижирсан бөгөөд хот суурин газруудад 11.86 сая ажлын байр шинээр бий болж оны эцэст ажилгүйдлийн түвшин 5.2 хувиар буурсан байна.

Өргөн хэрэглээний барааны үнэ 2.5 хувиар өсөж онлайнаар ажиллах, интернет дэлгүүр, хүрэлцэхгүйгээр хүргэх үйлчилгээ нэлээд хөгжсөн байна. Ажилгүйдлийн даатгалын хүрээг өргөжүүлж өвчин туссан хүмүүст тусламж үзүүлж, 6 сая хүн амьжиргааны тэтгэмжид хамрагдаж, 8 сая гаруй хүмүүст түр зуурын тусламж үзүүлсэн.

            Хөх, Шар мөрөн, эрэг орчмын бүс зэрэг чухал экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, экологийн бүтээн байгуулалтыг бэхжүүлсэн. 2020 онд БНХАУ нийт 6 сая 770 мянган талбайг ойжуулж, 8 сая 370 мянган га талбайд ойн арчилгаа хийж,  2 сая 830 мянган га бэлчээрийг сайжруулж, 2 сая 96 мянган га талбайн элсийг сааруулжээ.

            Бүх Хятадын ойн аж үйлдвэрийн нийт хэмжээ 7.55 их наяд юаньд хүрч, ойн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт, экспортын худалдааны хэмжээ 160 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ядуу буурай амьдралтай 1 сая 102 мянган иргэнийг экологийн ойн хамгаалагчаар сонгон ажиллуулж, 3 сая гаруй ядуу иргэнийг ядуурлаас гаргаж, орлогыг нь нэмэгдүүлсэн гэжээ.

            Өөрчлөлт шинэчлэлт нээлттэй байдлыг хөгжүүлж “Бүс ба зам”-ын хамтарсан бүтээн байгуулалтуудыг тогтвортой үргэлжлүүлж Хайнаний чөлөөт худалдааны боомт байгуулах зэрэг томоохон ажлуудыг эхлүүлээд байна.

            Шинжлэх ухаан технологийг эрчимтэй хөгжүүлж Олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн төв, үндэсний шинжлэх ухааны иж бүрэн төвийг байгуулж, дээд зэргийн үндэсний лабораторийг байгуулсан. “Тиэнвэн No1”, “Чанө No5”, “Тэмцэл”  гэх мэт шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг харуулсан том сансрын хөлгүүд бүтээж тандалт туршилтын ажлыг идэвхтэй явуулсаар байна.

            Онлайн сургалтыг амжилттай явуулж, намраас сургуулиудыг хэвийн үйл ажиллагаанд оруулж энэ жил 10 сая гаруй дунд сургуулийн сурагчид шалгалтаа амжилттай өглөө.

            БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И ” БНХАУ-ын гадаад харилцаа нь дэлхий нийтэд хариуцлагатай байх зарчмын дагуу, тулгарч байгаагүй сорилтыг бүхий л хүчээ гарган даван туулж, арвин үр дүнд хүрсэн” хэмээн дүгнээд Хятад улс үндэсний эрх ашгаа тууштай хамгаалж, Хятадын дотоод хэрэгт чиглэсэн ёс бус хөндлөнгийн оролцоог эрс эсэргүүцэхээ илэрхийлжээ.

            БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад нам, төрийн удирдагчид Хятад, Африкийн орнууд хамтран цар тахлын эсрэг тусгай дээд хэмжээний уулзалтыг онлайнаар зохион байгуулж, НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойн дээд хэмжээний уулзалт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хурал, Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт, АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалт, Хятад-Европын холбооны удирагчдын уулзалт, Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын уулзалт гэх мэт чухал арга хэмжээнүүдэд оролцож БНХАУ цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг дэмжиж дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан хэмээн дурджээ.

            Харин 2021 оны төлөвлөгөөний хувьд:

            2021 онд Хятадын засгийн газар 1) макро бодлогын зохицуулалтаа тогтвортой үргэлжлүүнэ, 2) зохих шинэчлэлтийг хийж зах зээлийн субьектуудын идэвхийг нэмэгдүүлнэ, 3) инновацид тулгуурлан чанартай хөгжлийг тэтгэнэ, 4) дотоодын эрэлтээ тэлж дотоод зах зээлийн нөөцөө ашиглана, 4) ХАА-г хөгжүүлж тариачдын орлогыг нэмэгдүүлнэ, 6) гадаад худалдаа ба гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ, 7) хүрээлэн буй орчны чанарыг сайжруулна, 8) амьжиргааг дээшлүүлж нийгмийн бүтээн байгуулалтыг сайжруулна гэсэн зорилтууд тавьжээ.              Эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулж, өөрчлөлт шинэчлэлт, өндөр үр ашигтай хөгжлийг бий болгоход бүх талын анхаарлаа хандуулж, эдийн засгийн өсөлтөө 6 хувиас дээш байлгахаар төлөвлөснөөс гадна хот хөдөөд 11 саяас дээш ажлын байрыг шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг ойролцоогоор 5.5 хувьд барьж, төсвийн алдагдлыг 3.2 хувиар бууруулж, иргэдийн хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувь дотор барьж, ДНБ-ний эрчим хүчний хорогдуулалтыг 3 орчим хувиар бууруулж, үр тарианы үйлдвэрлэлийг 650 тэрбум кг-аас дээш байлгаж, хот суурин газруудын 53 мянган хуучин хорооллыг шинээр сэргээн босгох ажлыг эхлүүлнэ гэсэн тоон зорилтуудыг тавьжээ.

Засгийн газрын тайланд дурдагдсан иргэдэд ээлтэй бодлогуудаас дурдвал:

  • Хөдөлмөр эрхлэлтийг чухалчлах бодлогыг үргэлжлүүлэн бэхжүүлж, үр ашгийг нь дээшлүүлнэ;
  • Татварыг бууруулах бодлого хэрэгжүүлнэ;
  • Ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх илүү олон боломжийг бий болгоно;
  • Орон сууцыг дамын наймаа бус амьдрахад зориулж газрын үнэ, орон сууцны үнэ, урьдчилсан үнийг тогтворжуулна;
  • Албан ёсны боловсролын чанарыг сайжруулж хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох, орон нутгийн сургуулиудын боловсролын чанарыг сайжруулахын тулд хөдөө нутгийн багш нарын цалин хөлсийг нэмэн баталгаажуулж, хөдөөд ажиллах багш нарын хүртээмжийг нэмэгдүүлнэ;
  • Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлнэ;
  • Тэтгэвэрийнхний үндсэн тэтгэвэр, тусгай халамж, нөхөн олговрыг нэмэгдүүлнэ;
  • Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тогтолцоог гүнзгийрүүлж оношилгоо, эмчилгээний төвүүдийг нэмэгдүүлнэ;
  • Хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг бий болгож, тариаланчдын орлогыг нэмэгдүүлнэ;
  • Аж ахуйн нэгжтэй холбоотой зөвшөөрөл олгох явцыг хялбарчилна гэжээ.

2021 онд Хятад улсын гадаад харилцаа

  1. Бусад улс орнуудтай найрсаг харилцааг хөгжүүлж, Хятад болон дэлхий нийтийн харилцан ойлголцлыг тасралтгүй нэмэгдүүлэх;
  2. Цар тахлын дараах үед анхаарал хандуулж, олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийн цогц нэгдлийг бүтээх;
  3. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад түлхэц өгч, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн сорилтыг хамтран даван гарах түүхэн чиг хандлагыг даган шинэ хэлбэрийн олон улсын харилцааг цогцлооход түлхэц өгч, бусад улс орнуудтай хамтран хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээхэд чиглэнэ гэж мэдэгджээ.

Батлан хамгаалах салбарын хувьд 2021 онд хүчирхэг арми байгуулах зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, байнгын бэлэн байдал болон эргийн агаарын хамгаалалт, хяналтыг сайтар зохион байгуулж, ар талын хангалт, зэвсэглэлийн хөгжлийг бэхжүүлж, цэрэг иргэний хосолсон хөгжлийг гүнзгийрүүлж, батлан хамгаалах дайчилгааны байгуулалтыг бэхжүүлж, батлан хамгаалах шинжлэх ухаан, техникийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэйг онцолсон.  БНХАУ 2021 онд батлан хамгаалах зардлаа 6.8 хувиар нэмэгдүүлж 1.35 их наяд юаньд хүргэхээр төлөвлөжээ.

            Ерөнхий сайд Ли Көцян илтгэлдээ Хятадад тулгарч буй эрсдэл сорилтод гурван зүйлийг дурдав. Үүнд 1) дэлхий даяар тархсан цар тахлын дэгдэлт, 2) Олон улсын тогтворгүй нөхцөл байдал, 3) дэлхийн эдийн засгийн хүндрэлтэй байдал.

            Мөн Хятадын дотоодод цар тахлыг хянах цикл сул, жижиг дунд ААН-үүд хүндрэлтэй, ажлын байрыг бий болгох дарамт их, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэх мэт бэрхшээлүүд, мөн орон нутгийн засгийн газрын өр, санхүүгийн салбарыг цэгцлэх асуудал гэх мэт эрсдэлүүдийг дурдсан юм.  БНХАУ цаашдаа технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, хиймэл оюун ухаан, өндөр технологи, дижитал хөгжлийг эрчимжүүлэхийг хөгжлийн гол зорилтоо болгож хүчирхэг эдийн засагтай, инновацын хөгжлөөр тэргүүлэгч орон болохыг зорьж байна.

Эх сурвалж:

  1. 全国人民代表大会常务委员会工作报告(摘要)http://www.xinhuanet.com/politics/2021lh/2021-03/09/c_1127186863.htm
  2. 最高人民检察院工作报告 http://www.gov.cn/xinwen/2021-03/15/content_5593016.htm
  3.  http://www.gov.cn/xinwen/2021-01/14/content_5579875.htm
  4. 政府工作报告http://www.gov.cn/premier/2021-03/12/content_5592671.htm
  5. http://www.gov.cn/premier/2021-03/12/content_5592671.htm
  6. 2021年政府工作报告摘要 http://www.gov.cn/zhuanti/2021lhzfgzbg/index.htm

Similar Posts