Стратеги судалгааны хүрээлэнгийн (ССХ) урилгаар ОХУ-ын Стратегийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид Монгол Улсад зочилж байна. Энэ хүрээнд хүрээлэн хоорондын ээлжит хоёр талын уулзалтыг есдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав. Уулзалтад ССХ-гийн захирал Б.Даваадорж, ОХУ-ын Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал М.Е.Фрадков тэргүүтэй шинжээч, судлаачид оролцов.
Уулзалтын үеэр “Хил орчмын хамтын ажиллагааны хүрээн дэх Орос-Монголын харилцаа”, “Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн харилцаа”, “Геополитикийн өөрчлөлт дэх Монгол-Оросын харилцаа”, “Гурван улсын эдийн засгийн коридорын хэтийн төлөв, үүнд Монгол-Орос-Хятадын хамтын ажиллагааны үүрэг” илтгэлийг тус тус хэлэлцүүллээ. Улмаар цаашдын хэтийн төлөв, боломжит чиглэлүүд, хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн явц, хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа, төмөр замын шинэчлэл, гурван улсын эдийн засгийн коридорын явц зэрэг тодорхой асуудлын хүрээнд идэвхтэй хэлэлцүүлгийг өрнүүлсэн арга хэмжээ болов. Мөн хоёр талын харилцаанд эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх явдал нэн чухал байгаа гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэж байлаа.
Уулзалтын төгсгөлд хоёр хүрээлэнгийн хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчлэн, захирал Б.Даваадорж, М.Е.Фрадков нар гарын үсэг зурж, баталгаажуулав.