Оросын “Цэргийн тусгай ажиллагаа”-ны командлагчийн орлогчоор саяхан томилогдсон, Хуурай замын цэргийн ерөнхий командлагч армийн генерал Олег Салюков өчигдөр Беларусьт хүрэлцэн ирж, цэргүүдийнхээ бэлэн байдлыг шалгаж байгаа бөгөөд цаашид Беларусь-Украины хилийн бүс орчимд цэргийн үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байна.
Беларусийн Витебск мужийн Чепино төмөр замын өртөөнд нэгдүгээр сарын 11-нд ОХУ-аас 15 суудлын вагон бие бүрэлдэхүүн, 15 цэргийн дугуйт болон гинжит техник тээвэрлэсэн төмөр замын платформ, 10 ачааны вагон ирсэн хэмээн Украины тал мэдээлж байна.
Барууны сансрын хиймэл дагуулын мэдээгээр, Украины хилээс холгүй орших Беларусийн Гомель мужийн Зябровка цэргийн нисэх онгоцны буудалд агаарын довтолгооноос хамгаалах С-300, С-400, “Панцирь” агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем болон бусад цэргийн техникийг шилжүүлэн байрлуулж байна хэмээн мэдэгдэж байна (зураг дээр).
Орос-Беларусийн хамтарсан цэргийн бүлэглэлийн сургуулилтыг нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд явуулах ба ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нэгдүгээр сарын 19-нд Минскэд айлчлах төлөвтэй байна.
Беларусьтай хиллэдэг Украины Ровне мужийн захиргааны тэргүүн Виталий Коваль “Бид Ровне мужийн сууриныг хамгаалах бэлтгэлээ үргэлжлүүлсээр байна. Хойд талаараа инженерийн болон бэхлэлтийн барилгуудыг идэвхтэй барьж байна. Вараш, Сарненскийн дүүргүүдийн оршин суугчид нэгдэж, шуудуу ухахад тусалж байна” хэмээн Telegram сувагтаа бичжээ.
Тус мужид Украины арми, Үндэсний гвардийн дайчид оролцсон цэргийн сургуулилтаар Беларусийн зүгээс учирч болзошгүй халдлагыг няцаах, Ровнегийн Атомын цахилгаан станцыг хамгаалах, хорлон сүйтгэх бүлгүүдтэй тэмцэх дадлага сургууль хийсэн байна.