Жил бүрийн уламжлалт “Монгол, Хятадын найрамдлын долоо хоног” нь  хоёр орны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар ард түмэн хоорондын харилцан танин мэдэхүй, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэж байгааг зохион байгуулагчид энэ үеэр тодотгов.

Нээлтийн үеэр “Өнөөдрийг хүртэл нандигнан зузаатгаж ирсэн хоёр орны найрамдлын харилцаагаа цаашид илүү хөгжүүлэх болно” хэмээн Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх онцлов.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жи “Хятад, Монгол хоёр улс уул усаараа холбогддог сайн хөршүүд. Үүнд хүн хооронд болон хүмүүнлэгийн солилцоонд чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ жилийн зохион байгуулсан үйл ажиллагаанаас дурдвал, Хятад орныг танин мэдэхүй, Өвөрмонголын соёлын өдрүүдийн хүрээнд Хятадын киноны нээлтийг хийсэн, мөн Боловсрол суваг телевизэд “Аз жаргалын хотхон-гурав” олон ангит киног бэлэглэсэн. Цаашдаа шат дараатай олон үйл ажиллагааг зохион байгуулна” гэлээ. 

Найрамдлын долоо хоногийн хүрээнд ГХЯ, Олон Улс судлалын хүрээлэнгээс хамтран “Монгол, Хятадын харилцаа, хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг ярилцлага зохион байгуулав. Мөн гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кинонуудыг телевизийн сувгуудаар олон нийтэд хүргэх, шилдэг нийтлэлийн уралдаан зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна. 

“Монгол, Хятадын найрамдлын долоо хоног”-ийн нээлтэд БНХАУ-ын Төвөдийн Өөртөө засах орон, Ляонин мужийн удирдлага, төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.

Similar Posts