Украины Херсон муж дахь Днепр мөрөн дээрх Каховын усан цахилгаан станцын далан энэ сарын 6-ны өглөө нурсны улмаас ойролцоох хот, тосгод усанд автаад байна. Үүнтэй холбогдуулан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Үндэсний аюулгүй байдал болон Батлан хамгаалах зөвлөлийг шуурхай хуралдуулжээ. Тэрээр эрсдэлийн бүсээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, Каховын усан цахилгаан станцаас усаар хангагддаг байсан хот, тосгоныг ундны усаар шуурхай хангахыг үүрэг болгосон байна.
Украины эрчим хүчний “Укргидроэнерго” компанийн мэдэгдсэнээр Каховын усан цахилгаан станц бүрэн ажиллагаагүй болсон тул сэргээх боломжгүй аж.
Усан цахилгаан станцын даланг нураасанд Украин Оросыг, Орос Украиныг харилцан буруутгаж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, Орос улс Каховын усан цахилгаан станцад болсон халдлагад оролцсон гэх мэдээллийг эрс үгүйсгэв. Тэрээр Украины талыг “санаатай хорлон сүйтгэх ажиллагаа” явуулсан нь Украины талын давшилт амжилт олоогүйтэй холбоотой хэмээн үзжээ.