ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ХАБА) иргэний харьяалал тодорхойгүй хоёр иргэнийг Оросын нутгийн гүнд цацрагийн зэвсэг буюу “бохир бөмбөг” хэрэглэх төлөвлөгөөтэй байсныг өнгөрсөн мягмар гарагт таслан зогсоож, баривчилсан талаар тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлж байна.
ОХУ-ын Аюулгүй байдлын албаныхны саатуулсан иргэд байцаалтын үеэр цацраг идэвхт бодистой “бохир бөмбөг”-ийг Москвагаас зүүн хойд зүгт орших Иваново муж дахь “Северный” нисэх онгоцны буудал, эрчим хүчний байгууламжид жижиг оврын хөнгөн онгоцоор хаяхаар төлөвлөж байснаа хүлээсэн хэмээн ХАБА мэдээлж байна.
Эх сурвалж: https://ria.ru/20230606/terakt-1876359904.html
“Украины цэргийн тагнуулынхан хөнгөн нисэх онгоцны тусгай анги байгуулж, Оросын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх бүлгүүдийг илгээх, түлш, эрчим хүчний дэд бүтцийн байгууламжид бөмбөг хаяхаар төлөвлөж байсныг илчилсэн” гэж Холбооны аюулгүй байдлын алба (ХАБА) мэдээлж байна.
“Бохир бөмбөг” нь үй олноор хөнөөх зэвсгийн нэг төрөл болох цацрагийн зэвсэг бөгөөд тус бөмбөгийг атомын цахилгаан станцтай аль ч улс цөмийн хаягдал болон цацраг идэвхт бусад материал ашиглан бүтээх боломжтой. Радиологийн буюу цацрагийн зэвсэг нь цацраг идэвхт бодисын ионжуулах туяан дээр үндэслэгдсэн бөгөөд нунтаг болон шингэн хэлбэрт байгаа цацраг идэвхт бодисыг тэсрэх бөмбөгтэй хослуулан дэлбэлэхэд газар орон дээр асар их хэмжээний цацраг идэвхт хордолт, тархалт үүсгэж, амьд амьтныг альфа, бетта, гамма зэрэг ионжуулах туяагаар удаан хугацаанд сүйрүүлэн устгадаг онцлогтой.