Өнгөрсөн Баасан гарагт буюу 2022 оны 12 дугаар сарын 3-нд Калифорни мужийн Палмдейл дэх  Нортроп Грумман (Northrop Grumman) үйлдвэрт АНУ стратегийн шинэ бөмбөгдөгч B-21 онгоцоо олон нийтэд танилцууллаа.

Ийнхүү АНУ-ын Агаарын цэргийн хүчин нь 34 жилийн дараа зургаа дах үеийн шинэ стратегийн бөмбөгдөгч  онгоцоо зэвсэглэлд оруулж эхэлж байгаа бөгөөд B-21-ийн өмнөх загвар болох B-2 нь 1988 онд ашиглалтад орсон билээ. Алсын тусгалын цөмийн болон ердийн пуужин, агаарын бөмбөг  тээвэрлэх зориулалттай шинэ бөмбөгдөгч B-21 онгоц нь үл үзэгдэх, өнгөлөн далдлагдах өндөр чадвартай, байлдааны даалгаврын гүйцэтгэл нь дижитал, үүлэн технологи дээр суурилсан дэлхийд одоогоор түүнтэй энэ зэрэгцэх онгоц байхгүй гэдгээрээ онцлог байна.

Шинэ онгоцны нээлтийн арга хэмжээнд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин оролцож: “Орчин үеийн хамгийн дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах систем ч B-21-ийг агаар тэнгэрт илрүүлж чадахгүй” хэмээн мэдэгдэж байна.   Пентагон B-21-ийг 2023 онд агаарт хөөргөж,  эхний ээлжид Өмнөд Дакота мужийн Элсворт агаарын цэргийн бааз, Миссури мужийн Уайтмен агаарын цэргийн бааз,  Техас мужийн Дайс агаарын цэргийн баазад шинэ онгоцнуудаа байрлуулах төлөвтэй байна.

Цаашдаа АНУ  нэг нэгж нь 500 сая долларын үнэтэй, 150 орчим нэгж В-21 онгоцыг худалдан авч зэвсэглэлд нийлүүлж, хуучин В-52, В-2 стратегийн бөмбөгдөгч онгоцнуудаа ашиглалтаас гаргахаар төлөвлөж байна. Шинэ В-21 бөмбөгдөгч онгоц нь агаарын довтолгооноос хамгаалах сүүлийн үеийн дэвшилтэт системийг даван туулж, дэлхийн хаана ч хүрч, цөмийн болон цөмийн бус зэвсгээр аль ч цэгт цохилт өгөх  чадвартай, цаашдаа хэт авианы пуужин тээвэрлэх, ирээдүйд нисэгчгүй нисэх хэрэгсэл болон ашиглагдах боломжтой гэж тус онгоцыг угсарч буй Нортроп Грумман үйлдвэрийн гүйцэтгэх захирал К.Уорден мэдэгдэж байна.

Similar Posts