Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд айлчлалын үеэр “Орос-Казахстан-Узбекистаны байгалийн хийн холбоо” байгуулах талаар авч хэлэлцсэн байна. Оросын Ерөнхийлөгч уг санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд Казахстаны зүгээс татгалзах зүйлгүй гэдгээ Касым-Жомарт Токаев мэдэгдээд байна. Гэхдээ, тухайн асуудалд нухацтай хандаж, гурван улсын экспертийн түвшинд сайтар судлах шаардлагатайг тэрээр онцлов. Энэ тухай ОХУ-ын Шадар сайд А.Новак “Гурван улсыг хамарсан байгалийн хийн холбооны асуудал яригдаж байгаа бөгөөд энэ хүрээнд хийн тээвэрлэлт, боловсруулалт, экспорт зэрэг асуудлаар хамтарч ажиллах төлөвлөж байгаа” хэмээн мэдээллийг баталгаажуулав.
Байгалийн хийн экспорт 2024 гэхэд зогсонги байдалд орох талаар Казахстаны Эрчим хүчний яамны сайд Болат Акчулаков мэдэгдэж байснаас үзэхэд тухайн байгалийн хийн холбоо нь Казахстаны хувьд эерэг үр дагавар авч ирэх магадлалтай боловч Узбекистаны зүгээс хараахан албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Энэ тохиолдолд Зөвлөлтийн үеэс гурван улсыг дамнан ашиглагдаж ирсэн байгалийн хийн хоолойн сүлжээг Оросын зүгээс ийнхүү ашигласнаар Хятадын зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа аж.