Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гийн дээд хэмжээний уулзалт Бельгийн нийслэл Брюссель хотноо 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдөр болж өндөрлөлөө. Уулзалтад АНУ-ын шинэ ерөнхийлөгч Ж.Байден анх удаагаа оролцож өмнөх засаг захиргааны үед үүсээд байсан таагүй харилцааг ардаа орхин холбоотон улсуудтайгаа нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Хүйтэн дайны үед ЗХУ-аас хамгаалах зорилгоор байгуулагдаж байсан тус эвслийн дээд хэмжээний уулзалтад анх удаа төрийн тэргүүнүүд БНХАУ-ын асуудлыг чухалчлан хэлэлцэж “аюулгүй байдлын сорилт” хэмээн тодотгожээ. Тухайлбал Бээжингийн Шинжаан Уйгарын мусульманчуудыг хавчин гадуурхах, цөмийн зэвсэглэлээ сайжруулах, ил тод байдлаас татгалзах, ташаа мэдээлэл цацах гэх мэт түрэмгий, дарангуйлсан бодлогуудыг нь буруушааж буйгаа мэдэгдлээ. ХБНГУ-ын Канслер Ангела Меркель “Тулгамдаж буй кибер болон гибрид аюул занал, мөн ОХУ, БНХАУ хамтын ажиллагаа зэргийг тооцож үзвэл Хятадыг тоохгүй орхиж болохгүй. Тэгэхдээ асуудлыг хэтрүүлэн үнэлж мөн болохгүй. Зохистой тэнцвэрийг барих хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Энд ширээ тойрон суугаа хүмүүсийн хэн нь ч Хятадтай Хүйтэн дайны нөхцөл байдал үүсгэхийг хүсэхгүй байх гэж би бодож байна” гэсэн бол НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Хэдийгээр Хятадыг дайсан гэж үзэх учиргүй ч Балтийн тэнгисээс Африк хүртэл цэргийн хүч нь өсөн нэмэгдэж буй энэ үед НАТО бэлэн байх ёстой. Хятад улам бүр ойртсоор байна. Кибер орон зайд ч, Африкт ч хүч түрэн орж ирлээ. Түүнчлэн бидний стратегийн чухал ач холбогдол бүхий дэд бүтцийн салбаруудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна” хэмээн тус тус байр сууриа илэрхийлжээ.

Холбоотнууд ОХУ-ын гибрид төрлийн халдлага, өргөн цар хүрээг хамарсан ташаа мэдээлэл цацах зохион байгуулалттай ажиллагаа, кибер халдлага, сонгуульд хөндлөнгөөс оролцох явдал зэргийг буруушаан олон улсын дүрэм журмыг дагаж, үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй бол худалдааны харилцаагаа сэргээхгүй гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн “Нэг болон түүнээс дээш гишүүн орон руу халдвал бусад бүх гишүүн орон руу халдсанд тооцож хамтарсан хариу арга хэмжээ авна” гэж тусгасан 5 дугаар зүйлийг кибер халдлагын үед ч мөн авч үзэх саналыг гишүүд дэмжсэн байна. Украины НАТО-гийн гишүүнчлэлийн талаар Ерөнхийлөгч Ж.Байден “НАТО-гийн гишүүнчлэлд багтах асуудлыг хэлэлцэхээс өмнө Украин авилгын асуудлаа шийдвэрлэх нь зөв гэжээ.  

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар холбоотнуудын харилцаа цаашид бэхжих үндэс тавигдлаа. БНХАУ-тай холбоотой асуудлыг анх удаа чухалчлан хэлэлцэж “аюулгүй байдлын сорилт” авчирч байна гэж үзсэн нь НАТО-гийн уламжлалт ОХУ дээр төвлөрсөн бодлогод эрс өөрчлөлт авчрах үйл явдал болов.

Эх сурвалж: nato.int, whitehouse.gov

Similar Posts