2021 оны 6 дугаар сарын 14-нд тохиох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөх бэлтгэл ажлыг хэлэлцэхээр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар Цагаан ордонд (6 дугаар сарын 7-нд) уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тэргүүн улс хоорондын өрсөлдөөн дэлхийн тавцанд эрчимжиж буй энэ үед хамтын ажиллагаагаа бэхжүүлж НАТО-г хүчирхэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нийлж буйгаа илэрхийлжээ. Стратегийн өрсөлдөөн төдийгүй цаг уурын өөрчлөлт, кибер халдлага гэх мэт үндэстэн дамнасан сорилтуудыг даван туулахад “НАТО 2030” санаачилга чухал үүрэгтэй болохыг онцоллоо. Мөн Афганистанаас 20 жилийн дараа НАТО цэргээ татан гарч буй үйл явдлыг хэлэлцэж, цаашид энх тайвныг тогтоох чиглэлд дипломат арга замыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн уулзалтын дараах ярилцлагын хэсгүүдээс онцолбол:
- ОХУ-ын тухайд – “ОХУ цөмийн төдийгүй уламжлалт зэвсэглэлээ хөгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Мөн Гүрж, Украинд ажиглагдсаны адил хөрш орнуудынхаа эсрэг цэргийн хүч ашиглахад бэлэн байна. НАТО-гийн холбоотон орнуудын сонгуульд кибер халдлага үйлдэх замаар хөндлөнгөөс оролцож бидний дотоод улс төрийн үйл ажиллагаанд халдахыг оролдсон. Тиймээс бид нэгдмэл байж ОХУ-д маш тодорхой “мэссеж” өгөх ёстой. Тогтоон барих, хамгаалахын зэрэгцээ ОХУ-тай яриа хэлэлцээнд орохыг эрмэлзэх “хоёрдмол арга барил” (dual-track approach) баримтална. Тиймээс Ерөнхийлөгч Ж.Байден, Ерөнхийлөгч В.Путин нар уулзах гэж буйг би дэмжиж байна.”
- БНХАУ-ын тухайд – Тэрээр БНХАУ-ын Тайвань, Уйгарууд, Хонг Конгийн тэмцэгчдийн эсрэг авч хэрэгжүүлж буй дарангуйллын бодлогыг шүүмжлэхийн зэрэгцээ цаг уурын өөрчлөлт, зэвсгийн хяналтын асуудлаар НАТО-гийн холбоотнууд Хятадын талтай хэлэлцэх шаардлагатай болохыг онцлов. “Хятад улс удахгүй дэлхийн хамгийн том эдийн засаг болох гэж байна. Тэд батлан хамгаалахын төсөв, тэнгисийн цэргийн чадавхаараа хоёрт жагсах болсон. Цэргийн дэвшилтэт чадавхиа хөгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсон бөгөөд бидэнтэй ижил үнэт зүйл баримталдаггүй. Тиймээс Хятадын учруулж буй сорилтын эсрэг холбоотон 30 улс мөр зэрэгцэн зогсох ёстой” хэмээн мэдэгджээ.
Ерөнхийлөгч асан Д.Трамп НАТО-гийн төсвийн бүрдүүлэлтийн харьцангуй байдлын асуудалтай холбоотойгоор холбоотон улсууддаа шахалт үзүүлж байсан нь тэдний хооронд тодорхой хэмжээний ан цав үүсгээд байсан юм. Харин Ж.Байдены шинэ засаг захиргаа үүнийг засан залруулж холбоотны харилцаагаа бэхжүүлэх бодлого баримтална гэдгээ мэдэгдээд байсан. Үүнийхээ хүрээнд Ж.Байден Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй хийсэн уулзалтын үеэр нэгдмэл байдлаа илэрхийлэн эхний алхмаа тавилаа. НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Ж.Байден анх удаа оролцож байгаагаараа онцлог бөгөөд ОХУ, БНХАУ руу чиглэсэн бодлогоо холбоотнуудтайгаа зөвшилцөж, нэгдмэл байр сууринд хүрэх юм.
Эх сурвалж: nato.int, whitehouse.gov