Монгол Улсын Үндсэн хуулиар Монголын ард түмэн хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулна хэмээн зарлан тунхагласан. Энэхүү ардчилсан тогтолцоо нь чөлөөт, шударга сонгуулиар парламентийн засаглалыг бүрдүүлж, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлж чадвал нийгмийн тогтвортой байдал бэхжиж, үндэсний аюулгүй байдлын баталгаа хангагдах учиртай.

Олон улсын судалгааны байгууллагууд Монгол дахь ардчилсан засаглалын чанар, шалгуур үзүүлэлтүүдийг жил бүр үнэлдэг. Тухайлбал, дэлхийн нэр хүнд бүхий судалгааны байгууллага болох “Фрийдом хаус”-аас 2020 онд гаргасан судалгаагаар Монгол Улс “Улс төрийн эрх”-ийн үзүүлэлтээр 36 оноо, “Иргэний эрх”-ийн үзүүлэлтээр 48 оноо авсан ба нийт 100 онооноос 84 оноо авч, эрх чөлөөний хамгийн дээд ангилал буюу “эрх чөлөөтэй” гэсэн ангилалд багтсан. Харин хууль хэрэгждэг байдал буюу эрх зүйт ёсны үнэлгээгээр дэлхийн 128 улсаас 57 дугаар байрт жагссан байна.

Дээрх судалгааны “хууль дүрэм хэрэгжих байдал” гэсэн үзүүлэлтээр Монгол Улс 0,47 оноо авч 128 улсаас 82 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь манай улсын засаглалын чадавхын оноог маш ихээр хойш татжээ. Энэхүү эрх зүйт ёсны үзүүлэлт нь тухайн улсад хуулийг бүхнээс дээгүүрт тавих, шударга ёс, хараат бус шударга шүүхийг төлөвшүүлэх зэрэг асуудлууд багтдаг. Мөн Монгол дахь ардчилсан засаглалыг гажуудуулж байгаа гол хүчин зүйл бол авлига хээл хахууль гэдэг нь олон судалгааны дүнгээс харагддаг. Транспэрэнси интернэйшнл олон улсын судалгааны байгууллагаас 2020 онд гаргасан авлигын индексийн үзүүлэлтээр Монгол Улс 35 оноо авч нийт 179 улсаас 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Жил ирэх тутам Монгол Улс авлигын үзүүлэлтээр ухарч байгаа нь авлигатай хийх тэмцэл үр дүнд хүрэхгүй, хууль, шүүх, аудит гэх мэт хууль хэрэгжүүлэх болон тогтоох байгууллагууд хараат байдалд орсноос авлигын түвшинг нэмэгдэж байна гэж үзжээ.

График 1

Транспэрэнси интернэшнл байгууллагаас Монголын улс төрийн намуудын санхүүжилт ил тод биш байдаг нь авлигын гол эх үүсвэр болдог ба үүнийг зогсоохын тулд эрх зүйн зохицуулалт, өөрчлөлт хийх шаардлагатай байгааг сануулсан байна.

Монгол Улс дахь ардчилсан засаглалын чанарыг гажуудуулж буй эдгээр хүчин зүйл нь ард иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулж, нийгэмд тогтворгүй байдал бий болгох гол шалтгаан болж байна. Нийгэмд шударга ёс алдагдаж, нийгмийн бухимдал улам бүр нэмэгдэх нь ардчилсан тогтолцооны хувь заяа, улс үндэстний оршин тогтнохуйн аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал юм.


Ашигласан ном, эх сурвалж

  1. Монгол Улсын Үндсэн хууль, 1992 он.
  2. https://freedomhouse.org/country/mongolia/freedom-world/2020
  3. https://worldjusticeproject.org/rule-of-law-index/country/2020/Mongolia
  4. https://www.transparency.org/en/cpi/2020/index/mng
  5. https://www.transparency.mn/

Similar Posts