
Аливаа түүхэн бүлэг ард түмэн буюу угсаатан, үндэстний хувьд төрөлх газар нутаг, уугуул ард түмний удмын сан, үндэсний уламжлалт соёл, тэдгээрийн нэгдэл бол үндэсний язгуур үнэт зүйлс нь болж байдаг. Төрөлх газар нутаг, удмын сан хоёрын нэгдлийг нөхцөлдүүлж аюулгүй өөрөөрөө оршин хөгжих нөхцөлийг хангаж байдаг тулгуур хүчин зүйл бол үндэсний уламжлалт соёлын тогтолцооюм.
Монгол уламжлалт нүүдлийн соёлын биет бус өвийн төрөл, өвлөн уламжлагчдын өнөөгийн дүр төрх нь “Эх хэл, аман уламжлал, түүнийг илэрхийлэх хэлбэрүүд”-ийн жишээн дээр хийсэн судалгааны үнэлгээгээр соёлын биет бус өвийн төрлүүдийг өвлөн уламжлагчдын тоо өнөөгийн Монголын хүн амын дотор эрс цөөрсөн үзэгдэл илэрч байна.
Дүгнэлт
- Монгол Улс 1921 оны Ардын хувьсгалын дараа үеэс 1990 хүртэлх 70 шахам жилийн хугацаанд уламжлалт өв соёлыг социалист нийгэмд харш, хуучин нийгмийн хоцрогдсон зүйл хэмээн үзэх болсноор соёлын өвөө хадгалах, үр хүүхэддээ өвлүүлэх боломж аажим хаагдсаар устах аюулын ирмэгт хүрсэн,
- Монгол Улс 1990 оноос ардчилал, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих үед монголчууд уламжлалт соёлын өвөө бараг хэрэглэхээ больж хэт хөндийрч холдсон, бараг мартах аюул нүүрлэсэн байдалд орсон,
- 1990 оноос ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжин орох үеэс өөрийн өв соёлоо бараг мартсан монголчуудад гадны соёлын бүхий л хэлбэрүүд онцгой сайхан зүйл мэт санагдаж тэдгээрээс эмх замбараагүй өөр өөрийн дур зоргоор хэрэглэх сэтгэлгээнд шилжсэн,
- Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн хугацаанд “Соёлын тухай”, “Соёлын өвийг хамгаалах тухай” Монгол Улсын хуулиудыг бий болгосон. Уламжлалт соёлын өв бол гагцхүү гэр бүл, бүх шатны боловсролын байгууллагаар дамжиж үр удамдаа өвлөгддөг жам ёсны хуультай. Гэтэл “Соёлын тухай” Монгол Улсын хуулинд соёлыг тээж түгээдэг этгээдийн бүрэлдэхүүнд иргэн, соёл урлагийн байгууллагыг оруулаад гэр бүл, боловсролын байгууллагыг орхигдуулсан,
- 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа Соёл иргэншлийн аюулгүй байдлыг Оршин тогтнохуйн аюулгүй байдлын түвшинд авч үзэхээр баталгаажуулсан. Гэвч үндэсний соёл бол үндэсний оршин тогтнох, хөгжих суурь үндэс юм гэдэг ойлголт төрийн бодлого, нийгмийн сэтгэл зүйд суугаагүйгээс соёлыг үндсэн чиг үүргийн яамны түвшинд тавих нь бүү хэл салбарын тусгай яамны түвшинд ч авч үзэхгүйгээр өөр яамны хавсарга болгож олон жил явсан нь соёлын салбарын хөгжлийг уналтад оруулсан.
Дээр дурдсан дүгнэлтүүдтэй холбогдуулан тэмдэглэхэд Монгол хүний үндэсний сэтгэл зүйг төлөвшүүлж, тэнцвэржүүлж, үр удамдаа өвлүүлэх жам ёсны үзэгдлийг зангидаж байдаг уламжлалт соёлын “ёс суртахууны хазаар” бүр үгүй болох аюул нүүрлээд байна.
Ашигласан ном, эх сурвалж
Ж.Батсуурь, “Монгол уламжлалт биет бус соёлын өвлөгдөл, гээгдлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдэвт илтгэл, 2017 он