Монголчууд овгоо хэрэглэж, гэрийн угийн бичгээ хөтөлдөг уламжлал тасарсан 1925 оноос хойш Монгол хүн өөрийн авга өвөг эцэг, эмэг; нагац өвөг эцэг, эмгээс урагш түвшинд ураг төрөл, садан сүлбээний холбоотой хүмүүс, тэдний үр удмын тухай мэдлэг, мэдээлэлгүй болсонтой холбоотой хүн амын дотор цус ойртох үзэгдэл үүсэж, даамжирсаар эдүгээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд хүрчээ. Мөн ураг төрөл, садан сүлбээний харилцаа, холбооны хүрээ ийнхүү хумигдахын хэрээр монголчуудын эв нэгдлийн язгуур чанар суларсан.
Өргөн уудам нутаг дээр цөөн хүн амьдрах нь хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн эрсдэл дагуулдаг. Монгол Улсын засаг захиргаа өнөөгийн байдлаар 21 аймаг, 330 сум, 1639 багт хуваагдсан бүтэцтэй байгаа. Засаг захиргааны ийнхүү хэт жижиглэсэн бүтэц нь хүн амын чөлөөт хөдөлгөөнийг хязгаарлаж цус холилдох үзэгдлийг түгжигдмэл байдалд оруулдаг сөрөг үр дагавартай.
Монгол Улсын хүн амд өөрөөс дээш 3-4 дэх үеийн ах дүү нар гэрлэхэд илэрдэг цус ойртолт (FIT=0.0651) бий болж, энэ нь бүх аймаг, сум, багийн хүн амд нийтлэг үзэгдэл болсныг хүн судлаач эрдэмтдийн олон жилийн генетикийн судалгааны үр дүнгүүд хөдөлбөргүй нотолдог. Түүнчлэн гэрлэлтийн тогтолцоо ихээхэн эвдэгдэж хөдөөгийн багийн хувьд нэг багийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 85,4%, нэг сумын уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 73,9%, нэг аймгийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 86,1%-ийг тус тус эзэлдэг болсон. Төв суурин газар тийш чиглэсэн ганц урсгалт шилжих хөдөлгөөнтэй холбоотой хөдөө орон нутгийн хүн ам хэт цөөрч шууд бус цус ойртолтын түвшин сүүлийн 10 жилд 1,2-5,1 дахин өссөн. Хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин дараах ноцтой үр дагавар учруулж байна. Үүнд:
- Өвчний олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар Монгол хүн өвдөж, эндэхэд цус ойртолт бодитой нөлөөлж байна.
- Монгол Улсын хүн амд бүртгэгдсэн “Оюуны хомсдол”-ын нийт тохиолдлын тавин хувь нь цус ойртолтын шалтгаантай байна.
- Төрөлхийн хөгжлийн согог, гажигтай хүүхэд аймаг бүрт мэндэлж, жил ирэх тусам тооны хувьд эрс өсөж, мэс заслаар ч шийдэх боломжгүй хүнд хэлбэрийн гажгууд илэрч байгаа нь цус ойртолттой шууд бөгөөд хүчтэй хамааралтай байна.
Ашигласан ном, эх сурвалж
- Ж.Батсуурь, Э.Энхмаа. “Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар” ном. УБ., 2010
- Э.Энхмаа. “Монгол Улсын хөдөөгийн багийн ашигт нөхөн төлжих эзлэхүүн ба алсуур цус ойртолтын өнөөгийн байдал” судалгаа (2017)
- Ж.Батсуурь, Э.Энхмаа. “Монголын хүн ам дахь цус ойртолт, байгаль уур амьсгалын хахиршилт ба өвчлөл, нас баралтын газарзүйн холбоо” Эрдэм шинжилгээний дууссан ажлын 5 боть тайлан (2012 он)
- Ж.Батсуурь, Э.Энхмаа. “Монголын хүн ам дахь цус ойртолт ба оюуны хомсдолын хамхолбоо” ҮАБЗ ийн захиалгаар гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний дууссан ажлын тайлан (2017 он)