
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэгдмэл бодлогын салшгүй хэсэг бол нийт хүн амын эрүүл, аюулгүй амьдрах баталгааг хангах явдал бөгөөд үүнд эмийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал онцгой байр суурьтай. Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмийн зохицуулалтын алба болон Гаалийн ерөнхий газрын барааны ангилал, үнэлгээний хэлтсийн хамтран боловсруулсан МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛТЭЙ ЭМИЙН КОДОЛСОН ЖАГСААЛТ-д нарийвчилсан дүн шинжилгээ хийсэн судалгааны гол үр дүнг тоймлон толилуулбал:
- Дээрх жагсаалтад нийт 3944 эм бүртгэлтэй байгаагаас 3391 нь буюу 86 хувь нь импортын эм, 553 буюу 14 хувь нь дотоодын үйлдвэрийн эм байна.
- Дотоодын үйлдвэрийн нийт 553 эмийн 267 (48,3%) нь европ эм, 286 (51,7%) нь уламжлалт эм байгаа нь дотоодын эм үйлдвэрлэлээ дэмжих бодлого дутмаг байгаагийн нэг илрэл юм.
- Монгол Улс дэлхийн 47 улсаас 3391 эм импортоор авдаг (График 2).
- Ази, Европ, Америк, Африк, Австрали зэрэг дэлхийн бөмбөрцгийн таван тивээс 3391 эм импортолж байгаагийн дотор Европ тивийн улсууд зонхилж байна (График 3).
- Үндэсний эмийн бүртгэлд нарийвчилсан дүн шинжилгээ хийж үзвэл Монгол Улс 1279 нэршлийн эмийг дэлхийн47 улсаас импортолж байна. Ингэхдээ нэг эмийг 1-42 хүртэл янз, хэлбэрээр оруулж ирдэг ажээ.Тухайлбал, ард иргэд 13 улсын 42 янзын Ципрофлоксацин (өргөн хүрээний үйлдэлтэй хүчтэй антибиотик), 12 улсын 39 янзын Диклофенак (өвчин намдаах үйлдэлтэй, ходоод гэдэсний салстыг хүчтэй цочроож шарх үүсгэх эрсдэл ихтэй эм), 12 улсын 32 янзын Флуконазол (мөөгөнцрийн эсрэг эм) хэрэглэж байна. Жагсаалтад хамгийн олон давтамжтай 61 нэршлийн эмийг 10-42 янз, хэлбэрээр дэлхийн 13 хүртэл тооны улсаас авч буй нь эмийн аюулгүй байдал хангагдахгүй байгаагийн тод жишээ юм.


Монгол Улс нэг төрлийн эмийг олон улс орноос импортолдог боловч эмийн чанар хангалтгүй байна. Эмч нарын дунд явуулсан судалгаанд оролцогчдын 81,3 хувь нь “Эм, тарианы чанар хангалтгүй” гэсэн хариулт өгсөн бөгөөд ялангуяа сүүлийн жилүүдэд антибиотикийн үйлчилгээ сул болсныг онцолж байсан юм.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 онд шинэчлэн баталсан хөнгөлөлттэй эмийн жагсаалт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах дутагдал илэрч байна. Үүнд:
- 2019 онд баталсан хөнгөлөлттэй эмийн жагсаалтад насанд хүрэгчдийн 175 ерөнхий нэршлийн 643 эм, хүүхдийн 53 ерөнхий нэршлийн 159 эм, нийт 802 эм байсан бол 2020 оны шинэчилсэн жагсаалтад насанд хүрэгчдийн 370 эм орж 273-аар цөөрсөн бол хүүхдийн 171 эм орж өмнөхөөс 12-оор нэмэгдсэн байна.
- 2020 онд батлагдсан хөнгөлөлттэй эмийн шинэ жагсаалтыг 2019 онтой харьцуулахад хүн амын хамгийн их хэрэглэдэг цусны даралт бууруулах 85 төрлийн эмнээс 77 эмийн ЭМД-ын хөнгөлөлт шингэсэн үнэ буюу иргэн хүн хувиасаа төлөх үнийн дүн 2-368 хувиар, дунджаар 83 хувиар өсчээ.
Ашигласан ном, эх сурвалж
- Стратеги судалгааны хүрээлэнгийн Нийгэм, төрийн судалгааны секторын 2018-2019 онд гүйцэтгэсэн “Эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулах арга замууд” судалгааны тайлан
- Стратеги судалгааны хүрээлэнгийн Нийгэм, төрийн судалгааны секторын 2020 онд хийж гүйцэтгэсэн “Эм, эмчилгээний хэрэгслийн хангамжийн тогтолцоо, эмийн чанарыг сайжруулах нь” судалгааны тайлан