Стратеги судалгааны хүрээлэнгийн дэргэд ШХАБ судлалын төвийг байгууллаа. Тус төв нь ШХАБ судлалыг Монгол Улсад гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орны ижил төстэй бүтэц, нэгжтэй судалгааны чиглэлээр хамтран ажиллах зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах юм.
Ийм бүтэцтэй болсноор судлаачид ШХАБ, түүн дэх Монгол Улсын оролцооны талаарх байр суурь, санал бодлоо солилцож, мэтгэлцэх талбартай болж, ШХАБ-ын хүрээнд зохиогддог олон улсын олон талт арга хэмжээнд судлаачдаа хамруулах боломж бүрдэж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, ШХАБ нь энэ онд 20 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд дэлхийн газар нутгийн 23 хувь, хүн амын 43 хувийг хамарч, хамтын ажиллагааны 29 механизм, 36 шинжээчдийн бүлгийг багтаасан, 50 гаруй олон улсын гэрээг баталсан бүс нутгийн томоохон бүтэц болон өргөжжээ.
ШХАБ нь ОХУ, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан гэсэн 8 бүрэн эрхт гишүүн, Афганистан, Беларус, Иран, Монгол дөрвөн ажиглагч улс болон яриа хэлэлцээний Азербайжан, Армен, Камбож, Балба, Турк, Шри Ланк гэсэн зургаан түнштэй. Монгол Улс ШХАБ-ын анхны ажиглагч орон юм.