Ная хоног үргэлжилж буй Израиль-Хамасын дайны уршгаар Газын зурваст 20258 хүн амь үрэгдэж, 53 мянган хүн шархдаж, 2 сая палестинчууд дүрвээд байна. Дайны хажуугаар Хамасыг дэмжигч Йемений хуситууд Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоцнууд руу пуужин, нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсээр байгаа тул АНУ тэргүүтэй хориод улс хамтран тэдний эсрэг тусгай ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцэж байна. Израилийн арми Газын зурваст хуурай замын довтолгоо, агаарын цохилтоо үргэлжлүүлж, 700 палестин дайчдыг олзлоод байгаа бол Хамасын дайчид Газын зурвасаас Израиль руу хэд хэдэн пуужин харваж, Израилийн армид хүчтэй эсэргүүцэл үзүүлсээр байна.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Израиль бүх зорилгодоо бүрэн хүрэх хүртэл дайныг үргэлжлүүлнэ. Дайны зорилго бол Хамас бүлэглэлийг устгах, бүс нутгийг цэрэггүй болгох, Палестины нийгмийг радикализмаас ангижруулах явдал” хэмээн мэдэгдэж байна.
Хамас бүлэглэлийн хяналтад байдаг Газын Эрүүл мэндийн яам “Израиль Газын зурвасын Аль-Магази дүрвэгсдийн хуаранд 12 дугаар сарын 25-нд халдлага үйлдэж, 70 хүний амь насыг хөнөөсөн” хэмээн буруутгаж байна.
Израилийн гол холбоотон АНУ Израилийн эрх баригчдыг дэмжсэн хэвээр байгаа ч Газын зурваст амиа алдагсдын тоо нэмэгдэж, хүмүүнлэгийн хямрал болж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж байна.
Саяхан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Газад тусламж үзүүлэх тухай тогтоол баталсан ч гал зогсоох тухай тогтоол батлаагүй болно. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, Газын зурваст хүмүүнлэгийн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч, Газын хүүхдүүдийн 80 гаруй хувь нь хүнсний хомсдолд ороод байна.
Эх сурвалж https://nashaniva.com/ru/332667