НҮБ-ын Зэвсэг хураах газар, НҮБ-ын Энх тайван, зэвсэг хураах бүсийн төв, Биологийн зэвсгийн конвенцын хэрэгжилтийг дэмжих алба, Химийн зэвсгийг хориглох байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ), Кыргызстан улсын Засгийн газраас хамтран “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай 1540 тогтоолын хэрэгжилтийг хянан хэлэлцэх” хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Турк улсын Истанбул хотод  зохион байгууллаа. Энэхүү хуралд Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Б.Даваадорж тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ. 

Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд мөн ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Гаалийн Ерөнхий газар, Терроризмтэй тэмцэх үндэсний төвийн төлөөлөл багтаж, хуралд тус тусын хариуцсан асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тус хүрээлэнгийн төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 тогтоолын хүрээнд Химийн болон Биологийн зэвсгийн конвенциудын үндэсний хэмжээний хэрэгжилтийн талаар хоёр илтгэл тавьж хэлэлцүүлэн, хурлын эхлэл ба төгсгөлд үг хэллээ.

Хуралд Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг улсын холбогдох яамд, төрийн байгууллагын 55 төлөөлөгч, Холбооны Германы Эдийн засаг, экспортын хяналтын алба, АНУ-ын Төрийн департаментын Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн газрын төлөөлөгчид болон дээрх олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хурлын сүүлийн өдөр төлөөлөгчид Станбул хотноо үйл ажиллагаа явуулдаг Туркийн ТАСАМ Стратеги судалгааны төв болон ЕДАМ эдийн засаг, гадаад бодлогын судалгааны төв зэрэг тинк-танк судалгааны хүрээлэнгүүдэд зочилж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

Similar Posts