НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит бус чуулган 2022 оны 11 дүгээр сарын 14-нд болж, оролцогчдын олонхын саналаар Украинд цэргийн ажиллагаа явуулсны улмаас хохирсны нөхөн төлбөрийг ОХУ-аас гаргуулах тухай тогтоолыг баталлаа. Уг тогтоолыг 94 улс дэмжиж, 14 улс эсэргүүцэж, 73 улс түдгэлзсэний дотор Монгол Улс багтаж байна. Тогтоолын төслийг Канад, Гватемал, Нидерланд, Украин зэрэг 50 орчим улс хамтран санаачилсан бөгөөд уг баримт бичигт: “ОХУ олон улсын хэмжээнд хийсэн буруу үйлдлийнхээ хууль ёсны үр дагавар, хариуцлагыг хүлээх, тэр дундаа Украинд учруулсан хохирлыг нөхөн төлөх ёстой” хэмээн дурджээ.
Ийнхүү НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины эсрэг үйл ажиллагаа явуулсны төлөө ОХУ-д хариуцлага хүлээлгэж, Украинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг төлөх тухай тогтоолыг өчигдөр олонхын саналаар баталлаа. Мөн тогтоолоор Украин дахь байлдааны ажиллагааг зогсоож, цэргээ татахыг ОХУ-д дахин уриалсан байна. Тогтоол батлагдсанаар эхний ээлжид Украинд учруулсан хохирлын талаарх мэдээлэл бүхий олон улсын бүртгэл хөтлөхийг НҮБ-ын гишүүн орнуудад уриалсан байна.
Тогтоолын санал хураалтад хуучин зөвлөлтийн орнуудаас Армен, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан түдгэлзсэн байр суурьтай байсан бол Гүрж, Латви, Литва, Молдав, Украин, Эстони дэмжиж, Азербайжан, Туркменистан санал хураалтад оролцоогүй байна. Мөн Унгар, Турк улс уг тогтоолыг дэмжсэн бол Индонез, Саудын Араб, Серби санал хураалтад түдгэлзсэн бөгөөд БРИКС-ийн орнуудаас Бразил, Энэтхэг, Өмнөд Африк мөн түдгэлзсэн байр суурьтай байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг гишүүн орнууд заавал биелүүлэх үүрэгтэй бол Ерөнхий Ассамблейн тогтоолууд нь заавал биелэгдэх хууль эрх зүйн чадамжгүй учраас уг тогтоол нь зөвхөн улс төрийн хувьд Оросыг буруушаасан шинжийг агуулж байна. Харин тогтоолыг дэмжсэн орнууд өөрсдийн нутаг дэвсгэрт байрлаж буй ОХУ-ын өмч хөрөнгийг хурааж, Украины сэргээн босголтод зориулах магадлалтай.
ОХУ-ын зүгээс Украинд явуулж буй цэргийн ажиллагаа эхэлснээс хойш уг ажиллагааг буруушаасан, хүмүүнлэгийн хямралд анхаарал хандуулсан, ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн хорооноос түдгэлзүүлсэн, Украины дөрвөн мужийг нэгтгэсэн санал асуулгыг хүчингүй хэмээн цуцлахыг шаардсан болон Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар Чуулганд цахимаар үг хэлүүлэх эсэх, Оросоос Украинд нөхөн төлбөр олгуулах зэрэг 6 тогтоолыг гишүүдийн дийлэнх олонхын саналаар батлан гаргаад байна.
НҮБ-ын дүрмээр Аюулгүйн Зөвлөлийн гишүүд Украины асуудлаар нэгдмэл санал, байр суурьд хүрэхгүй байгаагийн улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр хуралдаж, ОХУ-ыг Украин дахь цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан тогтоолыг анхлан баталсан.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааны тогтоолоос:
- 2022.03.24. ОХУ-ыг Украинд болж буй хүмүүнлэгийн хямралд буруутган нэн даруй гал зогсоох, олон сая энгийн иргэдийг хамгаалахыг шаардсан тогтоолыг баталсан.
- 2022.04.07. ОХУ Украинд хүний эрхийг зөрчиж байгаатай холбогдуулан, түүнийг НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлэх тогтоол гаргасан.2022.09.16. Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг 77 дугаар чуулганд биечлэн биш, харин цахимаар үг хэлэхийг зөвшөөрсөн тогтоолын төслийг 101 улс дэмжиж баталсан.2022.10.12. Есдүгээр сарын сүүлчээр Украины нэр бүхий дөрвөн мужийг ОХУ өөртөө нэгтгэснийг хууль бус үйлдэл хэмээн цуцлахыг шаардаж, НҮБ-ын гишүүн орнуудад энэхүү санал асуулгыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан тогтоолыг олонхын саналаар баталсан.
- 2022.11.14 Украинд ОХУ-аас нөхөн төлбөр олгуулах тухай тогтоолыг баталсан бөгөөд Монгол Улс бүх тохиолдолд түдгэлзсэн байр суурийг илэрхийлсэн байна.