ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины эрчим хүчний байгууламжуудад өчигдөр буюу 11 дүгээр сарын 15-нд нэгэн зэрэг 100 орчим пуужингаар цохилт өгснөөс гадна Оросын хоёр пуужин Польшийн нутаг дэвсгэр дээр унаж, хүний амь нас эрсэдсэн гэх мэдээлэл тархаад байна.

Украины дэд бүтцэд цохилт өгөхөөр Оросын талаас хөөргөсөн 100 орчим далавчит пуужингийн 73-ыг нь Украины арми амдан устгасан боловч бусад пуужин Киев, Харьков, Львов, Ривне, Винница, Хмельницкий, Кривой Рог, Полтава мужийн Кременчуг, Кировоград мужийн Кропивницкий, Волынь мужийн Ковельский дүүрэгт дэлбэрсэн байна. Энэ удаагийн пуужингийн цохилт нь цэргийн ажиллагаа эхэлснээс хойших хамгийн том цохилт бөгөөд Украины эрчим хүчний цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугамыг нэгэн зэрэг сүйрүүлсэн төдийгүй Киев хотын Печерский дүүрэгт гурван орон сууцны барилгыг эвдэлж сүйтгэсэн байна. Их хэмжээний пуужингийн довтолгооны улмаас Украин даяар, тэр дундаа нийслэл Киевт эрчим хүч хэрэглэгчдийн тал орчим хувь нь цахилгаангүй болж, интернэтийн урсгал өмнөх түвшнээсээ 67 хувиар буурсан байна. Одоогоор цахилгаанаар таслагдсан Украины арван сая хэрэглэгчийн найман саяд нь цахилгаан эрчим хүч нийлүүлж эхлээд байгаа бөгөөд пуужингийн цохилтын улмаас мөн Украинтай эрчим хүчний нэгдсэн системээр холбогддог Молдова улсад цахилгааны доголдол мөн үүссэн байна.

Оросын арми Украинд пуужингийн цохилт өгсөн энэ өдөр Польшийн Украинтай хиллэх зурвасаас 7 километр зайд байрлах Пшеводув суурины ойролцоо Оросын хоёр пуужин унасан гэх мэдээллийг Польшийн ЗЕТ радио хамгийн түрүүнд мэдээлж байна. Тус эх сурвалжийн мэдээлснээр суурингийн үр тариа хатаах газрыг пуужин оносноор хоёр хүн амиа алдсан байна. Хэвлэлийн мэдээлэл гарсны дараа Польшийн Засгийн газар шуурхай хуралдаж, пуужингийн цохилтод Польшийн хоёр иргэн амиа алдсан гэдгийг албан ёсоор баталсан ч хэргийн шалтгаан болон пуужин хаанаас нисэж ирсэн талаар мэдэгдэл хийгээгүй байна. Улмаар Польшийн зарим цэргийн анги нэгтгэл байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, Польшийн Ерөнхийлөгч А.Дуда Их Британийн Ерөнхий сайд Р.Сунак, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг нартай утсаар ярьсан байна. Тус пуужингууд Оросын талаас харвасан байж болзошгүй гэх үндэслэлээр Польшийн Гадаад хэргийн яам Варшав дахь ОХУ-ын Элчин сайдыг дуудаж тодруулга авсан байна.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам Оросын пуужин Польшид унасан гэх мэдээллийг  эрс няцааж, үүнийг “нөхцөл байдлыг хурцатгах зорилготой зориудын өдөөн хатгалга” хэмээн мэдэгджээ. 

Польшид унасан пуужингийн асуудлаар өнөөдөр НАТО-гийн төв байранд гишүүн  орнуудын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын ээлжит бус хуралдаан хийж, цаашдын үйл явдлын өрнөлийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Тухайлбал, “НАТО-гийн аль нэг гишүүн орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн хараат бус байдал болон аюулгүй байдал нь аюул заналтай тулгарвал талууд зөвлөлдөнө” гэж заасан НАТО-гийн дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу  Польшийн эрх баригчид уг пуужингийн асуудлаар  НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг болон НАТО-гийн холбоотнуудтай зөвлөлдөж, нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох төлөвтэй байна.

Юуны өмнө аль улсын пуужин, ямар зорилгоор, хаанаас харвагдсан гэх зэргээр мөрдөн шалгах ажиллагааг АНУ болон НАТО-гийн мэргэжилтнүүд явуулж, үнэлэлт дүгнэлт гаргах төлөвтэй байна.

Польшийн нутагт гаднын пуужин унаж, хүний ​​амь нас эрсэдсэн хэрэг явдлын талаар G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй АНУ, Их Британи, Европын холбоо, Испани, Герман, Канад, Франц, Япон, Нидерландын удирдагчид өнөөдөр яаралтай хуралдаж, уг асуудлыг хэлэлцэж байна (зураг дээр).

Similar Posts