Олон улсын цэргийн шинжээч Брад Лендон Зүүн Азид зэвсэглэлээр хөөцөлдөх явдал хяналтаас гарах хэмжээнд хүрлээ гэжээ. Тэрээр “Орос-Украины дайн эхэлсэн өдрөөс хойш Европын олон орон батлан хамгаалах төсөв, хүчин чадлаа эрс өсгөсөн бөгөөд энэ байдал Зүүн Азийн орнуудад мөн хурцаар илэрч байна” гэсэн байна.  

Ази-Номхон далайн бүс нутаг нь аажмаар дэлхийн эдийн засаг, санхүү, хүн амын төв болон хувирч буй бөгөөд энд Зүүн Ази гол төв болж байна. Хамгийн сүүлчийн томоохон цэргийн тулгаралт болох Хятад-Вьетнамын дайн 1979 онд дууссанаас хойш энэ бүс нутагт улс хоорондын цэргийн зөрчил гараагүй.  

Энэ бүс нутагт дэлхийн хамгийн хурц газрын болон далайн орон зайн маргаантай байгаагийн зэрэгцээ давуу тал олж авах зорилготой цөмийн зэвсэгтэй гурван улс, асар хурдтай хөгжиж буй нэг улс, дэлхийн хамгийн том гурван эдийн засаг, олон арван жилийн аюулгүй байдлын гэрээт холбоотнууд хоорондоо өрсөлдөж байна. Нэг талд АНУ, түүний холбоотон Япон, БНСУ, нөгөө талд БНХАУ, түүний түнш ОХУ, мөн тэднээс гадна гуравдагч талд Умард Солонгос байна. Азид урьд өмнө ийм хэмжээний зэвсэглэлээр хөөцөлдөх явдал болж байгаагүй. Бүх талууд бусдаасаа түрүүлэх зорилгоор улам бүр хяналтаас гарч буй эргүүлэгт нэгэнт автсан байна. Хэн нэгэн тогтоон барих болон өөрийгөө хамгаалах хүчээ нэмэгдүүлж буй нь нөгөө талд нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаагаар тусаж байна.

Шинжээч Анкит Панда[1] “Зүүн Азийн ийм динамик тойрог улам бүр хүчээ авч байгааг бид харж байна. Энд ямар ч хязгаарлах арга хэмжээ байхгүй, зэвсэглэлд тавих ямар ч хяналт байхгүй юм” гэсэн нь энэ бүс нутагт цэргийн мөргөлдөөн гарах магадлалыг илэрхийлж байна.

Японы удирдагчийн өнгөрсөн долоо хоногт шинээр гаргасан аюулгүй байдлын стратеги, батлан хамгаалах бодлогын асуудлаар хамтран ажиллах чиглэлээр Европын улсууд болон АНУ-д айлчилж хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн алхмууд хийсэн нь тус бүс нутгийн хурцадмал байдалд мөн л нэг алхам нэмсэн үйл явдал боллоо.

АНУ, Японы удирдагчид БНХАУ-ын Зүүн хятадын тэнгист явуулж буй цэргийн үйл ажиллагаа, өнгөрсөн наймдугаар сард Тайванийн дээгүүр харвасан баллистик пуужин нь Японы усан хэсэгт буусан зэрэгт санаа зовниж байгаагаа өнгөрсөн баасан гарагт илэрхийлсэн. Ерөнхий сайд Кишида “олон улсын дэг журмыг өөрчлөх” гэж оролдож байгааг нь Бээжинд анхааруулж, Япон, АНУ, Европ Хятадын асуудлаар нэгдсэн байр суурьтай байх нь “туйлын зайлшгүй” болохыг хэлсэн. Үүний өмнөхөн Япон, АНУ-ын батлан хамгаалахын сайд нар “Хятад цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгааг” анхааруулж байсан.

БНХАУ, БНАСАУ-ын хувьд түрэмгийлэгч Япон болж байгаа. Тус улсууд Токио Хятадын болон Умард Солонгосын нутаг дэвсгэрт цохилт өгөх чадвартай зэвсэглэл худалдан авах, батлан хамгаалах зардлаа хоёр дахин нэмэгдүүлэх талаар саяхан мэдэгдэл хийсэнд анхаарал хандуулж буйн зэрэгцээ АНУ-ын Тэнгисийн явган цэрэг Японы өмнөд арлуудад байрлах төлөвлөгөө зарласан явдалд санаа зовниож байгаагаа илэрхийлсэн. АНУ-ын тэнгисийн явган цэргийн энэ салбар Бээжингийн зүгээс хийх эхний цохилтоос хамгаалах усан онгоцны эсрэг хөдөлгөөнт, шинэ пуужингаар зэвсэглэсэн байгаа юм.

АНУ, Японы хувьд энэ бүхэн нь тогтоон барих, урьдчилан сэргийлэх асуудал бол Бээжин тэдгээрийг нөхцөл байдлыг хурцатгалаа гэж харж байна. Хятадын зүгээс Япон дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн түрэмгийллийн хэлбэр лүүгээ шилжин орж буй нь Азийн асар уудам газрын хяналтдаа авсан үед Хятад гол хохирлыг нуруундаа үүрч гарсныг санагдуулж, сэрэмжлэхэд хүргэж байна хэмээн түүхэн учир шалтгааныг гаргаж тавьж байна. Энэхүү 1937-1945 оны дайны үеэр 14 сая орчим Хятад хүн үхсэн бөгөөд зуу орчим сая хүн дүрвэсэн байна. Бээжингийн мэдэгдэж байгаагаар Япон улс Хятадын газар нутагт алсын тусгалтай “сөрөг цохилт өгөх” боломжтой Томахоок[2] пуужин худалдан авч байгаа нь Токио дахин Зүүн азийн энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж буй явдал.  Ажиглагчид Хятад түүхэн шархаа сэргээж байгаа нь өөрийн цэргийг хүчирхэгжүүлж буйгаа далдлах нэг оролдлого гэж үзэж байна.

Мөн Бээжин АНУ, Японы зүгээс өөрийнх нь цэргийн хүчин чадал эрс нэмэгдэж байгаа асуудалд санаа зовж байгааг эрс няцааж буй боловч Японы ойролцоо тэнгисийн болон агаарын хүчнээ нэмэгдүүлж, Зүүн хятадын тэнгис дэх Японы хяналтад буй Сенкаку арлуудыг өөрийн газар нутгийн нэгэн хэсэг гэж буй юм. Японы мэдэгдэж байгаагаар тус арлын орчимд Хятадын усан онгоцнууд 2022 онд 334 хоногт нь байнга байрласан байна. 2012 онд уг арлыг Японы Засгийн газар Япон улсын хувь газар эзэмшигчээс худалдан авснаас хойших хамгийн идэвхтэй байрлаж байгаа тохиолдол болсон байна.                            

Хятадын зүгээс ОХУ-тай түншлэлээ бэхжүүлж буй нь нөхцөл байдалд гал нэмж буй хэрэг гэж АНУ, Японы тал үзэж байна. АНУ-ын Төрийн департментын төлөөлөгч “Энэ түншлэл АНУ-Японы хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийг эргэн харахад хүргэсэн төдийгүй Оросын Украинд хийж буй дайны ажиллагаа, В.Путины Бээжингийн олимпын өмнө Ши Жиньпинтэй ойр харилцаагаа олон нийтэд харуулсан нь асуудлыг илүү хурдтай өөрчлөхөд хүргэсэн” гэсэн байна.  ОХУ номхон далайн бүсэд цэргийн чадавхаа харуулсаар ирсэн бөгөөд өнгөрсөн 12 дугаар сард гэхэд Зүүн хятадын тэнгист долоо хоногийн хугацаатай болсон Хятадын нисэх болон усан онгоцтой байлдааны буудлагатай хээрийн сургуульд байлдааны усан онгоцнуудаа илгээж оролцуулсан.

Тайванийн асуудлаар талуудын байр суурь зөрчилдөж байгаа бөгөөд Бээжингийн түрэмгийллийн асуудал нэг эрсдэл гэж үзэж байна. Тус арлыг өөрийн хяналтад авахын тулд хүч хэрэглэхээ Ши Жиньпин үгүйсгээгүй бөгөөд арлын эргэн тойронд явуулж буй цэргийн ажиллагаагаа АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелосигийн Тайванд хийсэн наймдугаар сарын айлчлалаас хойш эрс эрчимжсэн. Ялангуяа энэ айлчлалын дараа Бээжин урьд өмнө хийж байгаагүй цэргийн сургуулийг арлын эргэн тойронд хийж, олон төрлийн пуужин харваж, байлдааны онгоцнуудыг арлын орон зайд илгээсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Хятад Тайванийн хоолойн дундын шугам давуулан 28 байлдааны онгоц нисгэсэн. Эдгээрт J-10, J-11, J-16, Су-30 байлдааны онгоц, H-6 бөмбөгдөгч, дрон, тагнуулын нисэх онгоц багтсан байна. ХАЧА 47 онгоцыг мөн шугам давуулан 12 дугаар сарын 25-ны өдөр илгээсэн. Энэ бүхэн болж буй үед АНУ-ын зүгээс Тайванийн харилцааны хуулийн дагуу цэрэг зэвсгийн худалдаагаа нэмэгдүүлсээр байна.

Тайваниас хойш 1500 орчим км-т Солонгосын хойгийн хамтын ажиллагааны тухай яриа хэлэлцээр нэгэнт замхран алга болж байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 2023 оноос эхлэн цөмийн зэвсгийн нөөцөө “эрс нэмэгдүүлэх”, Өмнөд Солонгосын нутгийн аль ч хэсэгт цөмийн цохилт өгөх чадвартай “супер том” хөдөлгөөнт пуужин харвагч бий болгож байгаагаа мэдэгдсэн. БНСУ-ын Батлан хамгаалахын институт өнгөрсөн Пүрэв гарагт мэдэгдсэнээр Ким-ийн төлөвлөгөөгөөр БНАСАУ ойрын жилүүдэд 300 цөмийн зэвсэгтэй болох боломжтой гэж үзэж байна. Умард Солонгос нь 300 цөмийн хошуутай болно гэдэг нь асар том үсрэлт бөгөөд удаан хугацаанд цөмийн зэвсэгтэй байсан Франц, Их Британи улсыг гүйцэж зөвхөн ОХУ, АНУ, БНХАУ-ын дараа орох хэмжээний нөөцтэй болохоор байна.                                                

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тив алгасах баллистик пуужингийн дэргэд. 2022 оны 11 дүгээр сарын 19-нд (2023.01.19) https://edition.cnn.com/2023/01/15/asia/asia-nuclear-arms-race-analysis-intl-hnk-ml/

Үүний хариуд БНСУ-ын Ён Сүк Ёл цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх мэдэгдэл хийж “Хэрэв бид дайралтын бай болох тохиолдолд түүнээс зуу дахин эсхүл мянга дахин илүү хариу барих чадвартай цэрэгтэй байх нь дайралтаас хамгаалах хамгийн чухал арга” гэж энэ долоо хоногт мэдэгдсэн. Тэрээр Өмнөд Солонгос “Тактикийн цохилт өгөх цөмийн зэвсэг байрлуулах, эсхүл өөрийн гэсэн ийм зэвсэгтэй болох” боломжийн талаар ам нээсэн байна.

Солонгосын хойгт илүү олон тооны цөмийн зэвсэгтэй болох санаа нь цөмийн зэвсэг холбоотных нь мэдэлд байсан ч АНУ-ын удирдагчдад болгоомжлол төрүүлэх асуудал болж байна. Цөмийн зэвсэг хөгжүүлнэ гэдэг БНСУ-ын хувьд 1992 оны Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хамтарсан мэдэгдлийг өнөөг хүртэл дагаж байгаа нэр хүндэд нь сэв суулгах юм.

Вашингтоны зүгээс үүнд БНСУ-д “төмөр хуяг” баталгаа гаргаж өгч байгааг АНУ-ын цэргийн хүч хэрэгсэл хамгаалах болно гэж мэдэгдсэн. АНУ-ын Тэнгисийн ажиллагааны дарга адмирал Майк Гилдэй “АНУ нь БНСУ-д үзүүлэх өргөтгөсөн хэмжээний тогтоон барих үүрэг хариуцлагаа АНУ-ын батлан хамгаалах чадавх, цөмийн, ердийн болон пуужингийн хамгаалалтаар эргэлзээгүй хангана” гэж өнгөрсөн Пүрэв гарагт мэдэгдсэн байна. Тэрээр өнгөрсөн жил АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгчийг БНСУ-ын Бусан боомтод ирүүлснийг жишээ болгож дурдсан. Харин Умардын хувьд энэ нь хажууханд нь ирж буй аюул болж буй юм.

АНУ-ын шумбагч хөлөг онгоц болон цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээвэрлэгчтэй АНУ, Япон, БНСУ-ын гурван талын шумбагч онгоцны эсрэг цэргийн сургууль. 2022 оны есдүгээр сарын 30-нд (2023.01.19) https://edition.cnn.com/2023/01/15/asia/asia-nuclear-arms-race-analysis-intl-hnk-ml/

Азийн зэвсгээр хөөцөлдөх, хурцадмал байдал үргэлжлэх явцад АНУ, Япон, БНСУ нь тус тусдаа биш нэг баг болж асуудалд хандах нь тодорхой болж байна гэжээ.


[1] Карнегийн олон улсын энх тайвны сангийн цөмийн бодлогын шинжээч

[2] (Tomahawk) АНУ, Их Британийн зэвсэгт хүчинд голчлон хэрэглэдэг алсын тусгалтай далавчит пуужин.

Similar Posts