Үйл явдлын товч

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден тангараг өргөх ёслолд “холбоотны харилцааг сэргээн босгоход анхаарна” гэхээс Солонгосын хойгтой холбогдолтой мэдэгдэл хийгээгүй бол төд удалгүй АНУ-ын зүгээс БНАСАУ-ын гурван тагнуулын ажилтныг крипто валют хулгайлсан хэмээн хар жагсаалтад оруулав. Мөн АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт 9 өдрийн турш үргэлжилсэн билээ. Үүний хариуд БНАСАУ-ын зүгээс баллистик пуужин хөөргөж дургүйцлээ илэрхийлэв.

БНАСАУ-ын кибер халдлагын эсрэг АНУ-ын зүгээс хориг тавив

БНАСАУ-ын тагнуулын ажилтан Жон Чан Хёк, Ким Ил, Пак Жин Хёк нарыг 1.3 тэрбум ам.доллар бүхий крипто валют хулгайлсан хэргээр АНУ-ын хууль зүйн яамнаас 2021 оны 2 дугаар сарын 17-ний өдөр хориг тавьсан билээ. Эдгээр ажилтан БНАСАУ-ын тагнуулын газрын кибер аюулгүй байдлын хэлтэс буюу “Лазарус групп”-т харьяалагддаг гэх. Үүнд дараах үндэслэлийг авч үзжээ.

Нэгд, БНАСАУ-ын тухай кино, нэвтрүүлэг кибер халдлагын бай болж байгаа тухай хэд хэдэн жишээ авсан байна. Тухайлбал, 2014 онд “Sony Pictures” компаний “Ярилцлага” хэмээх кинонд БНАСАУ-ын талаар сөргөөр гардаг тул дээрх тагнуулын ажилтан “Sony Pictures”–ийг хакердаж, кино театрт нээлтээ хийхээс өмнө олон нийтэд ил болгож их хэмжээний алдагдал учруулсан гэх. Хоёрт, АНУ, Бангладеш, ИБУИНХУ, Мексик, Пакистан, Вьетнам зэрэг банк, крипто валютын компаниудын сүлжээнд нэвтэрч, “SWIFT” ашиглан мөнгө хулгайлсан гэв. Гуравт, Словени, Индонезийн дижитал валют арилжааг хакердаж Нью-Йоркийн биржээс 11.8 сая ам. доллар авсан.  Дөрөвт,  “Covid-19” халдвар буюу “SARS-Cov-2” вирусын эсрэг вакцин нийлүүлэгч “Pfizer” компаний мэдээллийг хакердах оролдлого хийсэн хэмээн үзэж байгаа аж. Ерөнхийдөө НҮБ-ын хориг арга хэмжээний улмаас сүүлийн үед БНАСАУ-ын зүгээс кибер халдлага нэмэгдэх болсоныг шинжээчид онцолж байгаа бол үүгээр хоёр тэрбум орчим ам.долларын орлого олсон хэмээн тооцоолол гарчээ.

АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт үргэлжилсээр

АНУ, БНСУ-ын холбоотны хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан цэргийн сургуулилтыг хийж БНАСАУ-ын өдөөн хатгасан үйлдэлд бэлтгэлтэй болон холбоотноо хамгаалахад бэлэн гэдгээ Пёньянд харуулахад оршдог. Тухайлбал, жил бүрийн хавар агаар, тэнгис, хуурай замын “Бүргэд“ (Foal Eagle) хамтарсан сургуулилт, компьютер суурьтай Үндсэн шийдэл (Key Resolve) сургуулилт, намар Улчи (Ulchi) сургуулилтыг тус тус хийж иржээ.

Гэвч энэ нь эсрэгээр БНАСАУ-ын зүгээс дахин пуужингийн туршилт хийх шалтаг болж улмаар Солонгосын хойгийн байдлыг хурцатгадаг талтай. Жишээлбэл, Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцадмал байдалтай байсан 2016, 2017 онуудад цэргийн сургуулилтыг урьд өмнө байгаагүй өргөн хүрээнд хийсэн бол 2018 онд хойгийн нөхцөл байдал нааштайгаар эргэж, АНУ, БНСУ-ын зүгээс компьютер суурьтай хамтарсан цэргийн сургуулилт хийсэн. 2020 онд Covid-19 цар тахлын улмаас БНСУ дахь АНУ-ын цэргийн баазад халдварын тоо нэмэгдэж байсан учраас сургуулилтаа хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн.

2021 оны 3 дугаар сарын 8-наас 17-ныг хүртэл 9 өдрийн турш компьютер суурьтай сургуулилтыг хамгийн бага хүчин чармайлтаар зохион байгуулав.

БНАСАУ-ын пуужингийн туршилт

АНУ, БНСУ-ын “цомхон” цэргийн сургуулилтыг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ёо Жон эсэргүүцэж, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл хийсэн билээ. Тэрээр АНУ-ыг “ирэх 4 жил тайван байхыг хүсвэл аятайхан бай” гэв.  Түүнчлэн БНСУ-ыг “АНУ-ын өсгөсөн тоть” хэмээн нэрлэсэн нь Хоёр Солонгосын харилцаа бэрхшээлтэй байгааг дахин батлав.

Нөгөөтэйгүүр, цэргийн сургуулилт хийхээс өмнө эсвэл эхэн үед Ким Ёо Жон байр суурь илэрхийлээгүйн гол шалтгаан нь АНУ-ын ТНБД Антони Блинкен, Батлан хамгаалах сайд Аустин Лойдын Сөүл дэх айлчлал байх магадлалтай бөгөөд ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдений засаг захиргааны төлөөллийн анхны гадаад айлчлалын өмнөх өдөр мэдэгдэл хийв.

Жил завсарласны эцэст БНАСАУ-ын зүгээс 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ойрын тусгалтай далавчит пуужин туршсан бол 3 дугаар сарын 25-ны өдөр хоёр ойрын тусгалтай баллистик пуужин харвалаа.

Үүнийг мэргэжилтнүүд 2019 онд БНАСАУ-ын туршсан “KN-23” ойрын тусгалтай баллистик пуужин мөн хэмээн үзэж байгаа бол уг баллистик пуужин 600 км зам туулсан гэсэн бол АНУ, БНСУ, Японы тооцооллоор 420-450 км байсан аж. Пёньяны мэдээний төв агентлагийн тайлбарласнаар энэ нь “шинэ загварын” тактикийн удирдлагатай пуужин бөгөөд 2.5 тонн хүртэлх жинтэй цэнэгт хошуу тээх чадвартай гэв.

Дүгнэлт

Дээрх үйл явдлаас харахад Байден ерөнхийлөгчийн засаг захиргаа БНАСАУ-ын талаарх бодлогоо эргэн харж хараахан эцэслээгүй байгаа боловч кибер халдлагын эсрэг хориг тавьж, БНСУ-тай хамтарсан цэргийн сургуулилтаа үргэлжлүүлж, ТНБД Антони Блинкен, Батлан хамгаалах сайд Аустин Лойд нарын “2+2” айлчлалаар холбоотнуудын харилцаа цаашид улам нягтрахыг илтгэлээ. Харин БНАСАУ-ын зүгээс баллистик пуужин хөөргөж “хүчийг хүчээр” хариулж, Байдений засаг захиргааг туршив. Учир нь СХН-ын VII Их хурлаар АНУ-ын бодлогод “тусыг тусаар, хүчийг хүчээр хариу барих болно” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Similar Posts