НАТО-гийн орнууд 14 хоногийн хугацаанд үргэлжлэх “БАЛТОПС-22” тэнгисийн цэргийн сургуулилалтаа өчигдөр буюу зургаадугаар сарын 5-нд эхлүүллээ. Тус хээрийн сургуулилтад НАТО-гийн 14 холбоотон, Швед, Финланд улсын нийт 7000 гаруй тэнгисийн цэрэг, 45 хөлөг онгоц, 75 нисэх онгоц болон бусад зэвсэглэл, техник оролцож байна.
Энэ удаагийн сургуулилт нь Балтийн бүс, Хойд Европын хамгийн том хэмжээний далайд чиглэсэн 51 дэх удаагийнх бөгөөд Шведийн Хатан хааны Тэнгисийн цэргийн флотын 500 жилийн ой, Швед, Финланд хоёрын НАТО-д элсэх үйл явцтай давхцаж байгаагаараа онцлог юм. Тиймээс уг дасгал сургуулилтад оролцохоор НАТО-гийн 40 хөлөг онгоц Шведийн нийслэл Стокгольмын боомтод ойрын өдрүүдэд хүрэлцэн ирээд байна.
Дээрх сургуулилтын талаар Шведийн Батлан хамгаалахын сайд П.Хултквист мэдэгдэхдээ, “Тус хээрийн сургуулилалт Шведээс эхэлж байгаа нь Швед, Финляндын НАТО-д гишүүнээр элсэхийг дэмжиж буйн тод илрэл мөн” хэмээн онцолжээ.
Мөн АНУ-ын 6-р флотын командлагч, дэд адмирал Е.Блэк “Балтийн тэнгис дэх тус хамтарсан сургуулилтад АНУ-ын цэргүүд оролцож байгаа нь Швед, Финляндыг Оросын аюулаас хамгаалах нэг хэлбэр мөн” хэмээн бямба гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Шведийн Стокгольм хотоос эхэлж, Германы Киль хотод өндөрлөх “БАЛТОПС-22” сургуулилалтыг байлдааны бэлтгэл болон агаарын довтолгооноос хамгаалах сургалт гэсэн хоёр үе шаттайгаар явуулах төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, навигацийн саадгүй ажиллагаа, далай тэнгисийн хориглох ажиллагаа, шумбагч онгоцны эсрэг ажиллагаа, минатай тэмцэх ажиллагаа, далайд эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт хийх ажиллагаа, бие бүрэлдэхүүнийг хамтын хүчээр сэргээн босгох ажиллагаа зэрэг НАТО-гийн хүчний харилцан ажиллагааг агаар, газар, далай гэсэн гурван талбарт зэрэг хийх төлөвтэй байна. Сургуулилалтын гол зорилго нь НАТО хамтын хүчээр гишүүн болон түнш орнуудаа батлан хамгаалахад бэлэн байгааг харуулах, шалгах явдал гэж үзэж байна.
Орос Украин руу довтолсон нь Швед, Финландыг олон жилийн төвийг сахисан байдлаа орхиж, Хойд-Атлантын гэрээний байгууллагад гишүүнээр элсэж, хамтын хамгаалалтын хүрээлэлд орох нөхцөл байдалд хүргэж байна.
Швед, Финлянд улсын “БАЛТОПС-22” сургуулилалтад оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлт нь НАТО-той тэднийг улам нягт уялдаа холбоотой болгож улмаар удахгүй Мадридад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар жинхлэх магадлалыг нэмэгдүүлж байна. Эдийн засгийн өндөр потенциалтай Нордикийн дээрх хоёр орныг НАТО-д элсүүлэн авах нь НАТО-гийн хүчин чадлыг улам бэхжүүлэх төлөвтэй байна.