Европын Холбооноос ОХУ, Беларусь улсын эсрэг зургаа дахь удаагийн эдийн засгийн багц хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр 2022 оны зургаадугаар сарын 05-ны өдөр баталлаа.
Уг багц хориг арга хэмжээнд:
– Сбербанк, Оросын Хөдөө Аж Ахуйн банк, Москвагийн Кредит банк, Беларусийн Хөгжил, сэргээн босголтын банк зэргийг олон улсын банк хоорондын төлбөр тооцооны SWIFT сүлжээнээс хасах;
-ОХУ-аас худалдан авах түүхий газрын тосны хувьд зургаан сараас бусад боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний импортоос найман сар хүртэл татгалзах;
– ОХУ-аас газрын тосны импортын өндөр хамааралтай хэвээр байгаа Унгар, Чех, Словак улсын хувьд импортоо багасгах илүү цаг хугацаа олгох, (Унгар улсад одоо ажиллаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх замаар өөр улсын газрын тосыг боловсруулах боломжтой болгох цаг хугацааг олгох;)
– Европын улс орнуудад дамжуулж байгаа ОХУ-ын Россия-24, РТР-Планета, ТВ-Центр зэрэг сувгийн нэвтрүүлгийн дамжуулалтыг хориглох;
– ОХУ, Беларусь улсад зарим тодорхой нэр төрлийн техник, технологийн бүтээгдэхүүнийг (цэрэг батлан хамгаалах салбарт ашиглах боломжтой) экспортлохыг хориглох зэрэг олон төрлийн арга хэмжээ багтжээ.
ОХУ-ын арми Украинд халдан довтолсны дараа өнгөрсөн хоёрдугаар сард эхний дөрвөн багц хоригийг, дөрөвдүгээр сард тав дахь багц хориг арга хэмжээг авч хэрэгжүүлж иржээ.
Дараагийн удаад ОХУ-аас Европын Холбооны орнуудад импортоор худалдан авч байгаа шатдаг хийн нийлүүлэлтийг багасгах, хязгаарлах асуудлыг авч үзнэ гэж Евро Комиссын Эдийн засгийн асуудал хариуцсан комиссар Пауло Жентилони мэдэгджээ.