Био-аюулгүй байдал гэдэг нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тодорхойлсноор хүн, амьтан, ургамал болон хүрээлэн буй орчны амь амьдрал, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг шинжлэх, хянах, удирдах стратегийн нэгдсэн арга юм. Био-аюулгүй байдлын ойлголтод хүнсний аюулгүй байдал, зооноз, амьтан, ургамлын өвчин, хортон шавьж, хувиргасан амьд организм ба түүнийг агуулсан бүтээгдэхүүн, харь төрөл зүйлийн менежмент зэрэг багтдаг учраас энэ нь хөдөө аж ахуйн тогтвортой байдал, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, түүний дотор биологийн олон янз байдлыг хамгаалах талаарх цогц ойлголт юм.
Үүний нэг жишээ бол харь зүйлийн ургамал бөгөөд Монгол оронд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж, 2020 оны байдлаар нийт 82 энэ зүйл ургамал тархсан гэж тогтоосон. Монгол орны ургамлын аймаг, түүний төрөл зүйлийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаа энэ асуудал нь нэг талаас уур амьсгалын өөрчлөлт, нөгөө талаас хүний хүчин зүйлсийн нөлөө, ялангуяа газар тариалангийн хөгжил, малын бэлчээрийн хэт ашиглалтаас үүдэлтэй юм. Харь зүйлийн ургамлын тархалт нь ургамлын нөмрөгийн солигдлыг үүсгэн экосистемийг тэр чигт нь өөрчлөх, биологийн олон янз байдлыг эрс хомсдуулж, хөрсний элэгдэл эвдрэлд хүргэж, эргэлт буцалтгүй цөлжилт явагдах нэг шалтгаан нь болж байна. Харь зүйлүүд нь шинэ орчинд маш амархан дасан зохицож нутгийн ургамлуудыг шахан түрэмгийлдэг онцлогтой. Харь зүйл нь амьдрах орчны доройтол, хүний буруутай үйл ажиллагаа, малын бэлчээрийн талхагдлын улмаас хөрсний бүтэц алдагдах, түймрийн давтамж нэмэгдэх зэрэг байгаль цаг уурын тааламжгүй нөхцөлд нутгийн уугуул зүйлээс илүү тэсвэртэй.
Хувь хүмүүс, байгууллагууд харь нутаг орноос гоёл чимэглэл, хүнс, эм, бэлчээрийн зорилгоор олон зүйл ургамал, үр тариаг зөөвөрлөн авчирч ургуулдаг. Шинэ орон зайд тархах чадвартай зарим зүйл нь сонгосон орчноос хальж байгалийн унаган бүрдлийг эвдэж бүлгэмдэлд өөрийн байр суурийг эзэлдэг. Мөн хил гаалийн үзлэг хяналт сул, илрүүлэх чадвар муу зэргээс импортоор орж ирж буй үр тариа, ургамал, хүнсний ногооны үр, суулгац, тарьц зэргээр дамжин харь зүйлийн, хорио цээрт, хог ургамал Монгол орны газар нутагт тархан ургах боллоо. Үүний жишээ бол дотоод болон гадаад хорио цээртэй ороонго зэрэг харь зүйлийн, шимэгч ургамлууд Монгол орны баруун аймгуудын нутагт сүүлийн 4-5 жилд идэвхтэй ургаж эхэлсэн нь тухайн бүс нутаг дахь хүнсний ногоо, үр тарианы ургалтыг хязгаарлах, гарцыг муутгах, нутгийн уугуул ургамлыг ургахад саад болж тархан ургах, улмаар хөдөөгийн иргэдийн амьжиргаанд нөлөөлөх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж байна.
Амьдрах орчны бохирдол, хор уршгийг цаг хугацааны явцад арилган нөхөн сэргээж болох боловч нэгэнт суурьшсан харь зүйлийг ургамлын бүлгэмдлээс зайлуулах боломжгүй болдог. Хэдэн мянгаараа үржин, өргөн уудам нутагт тархаж, ургамлын бүлгэмдэлд өөрийн байр сууриа эзэлсэн харь зүйлийг зайлуулах нь хэцүү бөгөөд цаг хугацаа, асар их өртөг шаардсан ажил юм. Тиймээс био-аюулгүй байдлыг хангах хүрээнд хил, гаалийн шалган нэвтрүүлэх хяналтыг сайжруулах, харь зүйлийг таних, устгах, хянах тогтолцоог нэн даруй бүрдүүлэх; бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт энэ тухай ойлголтыг тусгах, холбогдох мэдээ, мэдээлэл бэлтгэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээх ажлыг зохион байгуулж нийт иргэдэд мэдлэг, ойлголт олгох нь чухал байна.