Оросын цэргүүд Донецк, Луганск мужийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь эзлэн авч, тус бүс нутагт бүрэн хяналтаа тогтоох зорилгоор Украины зүүн хэсэгт давшилтаа эхлүүлээд байна.
Хоёр талын байлдааны ажиллагаа Северодонецк, Бахмут, Кураховскийн чиглэлд ширүүн явагдаж байна. Оросын цэргүүд Лисичанск, Северодонецк хотын нутаг дэвсгэрт Украины цэргүүдийг бүсэлж, ар тал хангалтын гол замыг нь хааж, давшиж байна. Оросууд үүндээ нисэх онгоц, пуужингийн болон их бууны хүч, хэрэгсэл, лазерын зэвсэглэл, радио-электрон тэмцлийг идэвхтэй ашиглаж байгаа аж.
Оросын цэргүүд өнгөрсөн амралтын өдрүүдийн давшилтын явцад Донецк мужийн Красный Лиман хотыг бүрэн хяналтандаа авч, Северодонецк хотоос гарах зам, гарцыг хааж бүслэн, хотын төв рүү үргэлжлүүлж байна.
Сүүлийн нэг өдрийн байлдааны явцад Оросын цэргүүд Украины 300 цэрэг, 6 зэвсгийн агуулах, 3 командын байр, 25 галын цэг, 2 их бууны батарей, 1 зенитийн пуужингийн системийн хөөргөгч, 1 радарын станц, 1 Су-25 онгоц, 4 нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг устгасан бол Украины тал Оросын 39 цэрэг, 28 байлдааны техник, 2 далавчит пуужин, 2 их бууны систем, 3 нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг устгасан байна.
Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Украины нийтдээ 183 нисэх онгоц, 128 нисдэг тэрэг, 1049 нисгэгчгүй нисэх төхөөрөмж, 325 зенит-пуужингийн систем, 3309 танк болон хуягт техник, 447 пуужин харвагч, 1722 их буу, миномёт, 3270 байлдааны машин устгасан гэж Оросын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал И.Конашенков мэдэгдэж байна.
Харин Украины Зэвсэгт хүчний Жанжин штабын өчигдрийн мэдээлснээр, Оросууд Украинд 30150 цэрэг, 1338 танк, 3270 хуягт техник, 2240 байлдааны машин, 631 их бууны систем, 203 пуужингийн систем, 93 агаарын довтолгооноос хамгаалах систем, 207 нисэх онгоц, 174 нисдэг тэрэг, 504 нисгэгчгүй нисэх төхөөрөмж, 116 далавчит пуужин,13 усан онгоцоо алдсан гэжээ.[1]
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров: “Донецк, Луганск мужийг чөлөөлөх нь Оросын хувьд нэн тэргүүний зорилт юм. Цэргийн ажиллагаа явуулж буй Украины бусад нутаг дэвсгэрийн хувьд эдгээр бүс нутгийн оршин суугчид өөрсдийн ирээдүйгээ өөрсдөө шийдэх ёстой” хэмээн тавдугаар сарын 29-нд мэдэгдсэн нь зэвсэгт мөргөлдөөн цаашид хичнээн сунжирсан ч Оросууд Украиныг бүрэн буюу хэсэгчлэн эзлэн авах төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй бололтой байна.
Оросууд Азовсталийн дайчдыг буулгаж авсан шигээ давшилтаа зугуухан ч гэсэн үргэлжлүүлж, Украины цэргийн бүлэглэлийг бүслэн, буулгаж авах замаар тавьсан зорилгодоо хүрэх төлөвтэй байна.
Азовсталийн дайчид бууж өгсөн нь Украины цэргүүдэд сэтгэл зүйн хүнд цохилт болсон бөгөөд цаашид тэд маневрын хориглолт хийх замаар цаг хожих арга тактик хэрэглэж, барууны орнуудаас үзүүлэх цэргийн тусламжид л найдахаас өөр гарцгүй байна.
[1] Оросууд Украинд 30 мянган цэрэг, 1300 танкаа алдсан. https://www.pravda.com.ua/rus/news/2022/05/29/7349205/ (татсан 2022.05.30)