Орос-Украины сөргөлдөөн сунжрах тусам үй олноор хөнөөх зэвсэг түүний дотор химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй тухай, биологийн зэвсэг, био лабораториудын тухай мэдээллийн дайны шинж чанартай мэдээллүүд цацагдаж байна. Тухайлбал, 2022 оны гуравдугаар сарын 23-нд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АНУ, Украин дахь био хөтөлбөр болон био лабораториудаа Монголд шилжүүлэх гэж байгаа тухай  хуурамч мэдээлэл анх цацагдсан бол өнгөрсөн долоо хоногт Оросын Известия сонинд, Пентагон Украин дахь хэл аманд өртөөд байгаа био лабораториудаа Монголд шилжүүлнэ гэсэн мэдээлэл гарсныг Оросын зарим нэг албаны хүмүүс телевизийн нэвтрүүлэгт орохдоо дээрх утга агуулгыг давтан ярилаа.

Сар гаруйн өмнө, ОХУ-ын Зэвсэгт хүчний Цацраг, хими, биологийн хамгаалалтын цэргийн командлагч дэслэгч генерал Игорь Кириллов хэлэхдээ, Украины нутаг дэвсгэрт явуулж буй цэргийн тусгай ажиллагааны үеэр тус улсад Пентагоны удирдлага доор үйл ажиллагаа явуулж байсан 30 гаруй биологийн лабораторийн сүлжээний үйл ажиллагааг нь илрүүлсэн хэмээн мэдэгдэж энэ асуудлаар эхлэн шуугиан тарьсан.

Украин дахь АНУ-ын био лабораториудын асуудлыг ОХУ-ын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хоёр удаа хэлэлцэхээр төлөвлөсөн боловч, нотлох баримт хангалтгүй, биологийн зэвсгийг хянах олон улсын механизм байхгүй зэрэг үндэслэлээр санал хураалт явуулаагүй бөгөөд энэ асуудлаар ямар нэг шийдвэр гаргаагүй болно. 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, АНУ Украин дахь био хөтөлбөр болон био лабораториудаа Монголд шилжүүлэхээр болсон тухай хуурамч мэдээлэл анхлан цацагдсан.

Мөн Америкийн биологийн лабораториуд Украинаас Монгол руу нүүн шилжих болсон тухай гэх арваад хуудас хуурамч мэдээлэл 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нд  Известия сонинд гарсныг товчлон хүргэвээс:  “Украин, Гүрж зэрэг хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дэх Америкийн  био лабораторийн сүлжээний ажиллагаа ил болсны дараа Пентагон Ази тивд биологийн судалгааны хөтөлбөрийг өргөжүүлэхээр хэд хэдэн тусгай лаборатори нээх талаар Монголын эрх баригчдаас зөвшөөрөл хүсч байна. АНУ, ХБНГУ-ын цэргийн судалгааны төвүүд Монгол Улсад аль хэдийн сургалт явуулж, микробиологийн судалгаа хийж байгаа бөгөөд тэдний сонирхлын хүрээнд хүн, амьтны ховордсон халдварт өвчний тохиолдлыг судлах явдал багтдаг. Украинд хаагдсан ижил төстэй байгууллагуудын судалгааг Монгол руу шилжүүлэхээр бэлтгэж байна” хэмээн бас ор үндэсгүй зүйл өгүүлжээ.         

ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна хэмээн Монгол Улсын Гадаад Хэргийн яам цахим хуудсаараа дамжуулан албан ёсны байр сууриа илэрхийлжээ.

Монголд Америкийн биолабораториуд бий болж магадгүй байна. http://asiais.ru/society/58274.html

Similar Posts