Зүүн Европт үүсээд буй цэрэг-улс төрийн хурцадмал байдлыг үл харгалзан ОХУ-ын зүгээс Газар дундын тэнгис, Хар далай, Белорусийн баруун өмнөд хэсэгт болон “Өмнөд” цэргийн тойргийн хариуцлагын бүсэд Балтийн болон Хойд флотын хөлөг онгоц, бусад төрөл мэргэжлийн цэргийн нэгтгэл, ангиудыг оролцуулсан цэргийн томоохон хэмжээний хээрийн сургуулийг ойрын өдрүүдэд явуулна.
ОХУ-ын найман субъектын нутаг дэвсгэр (Волгоград муж, Ставропольскийн хязгаар, Адыгее, Чичень, Дагестан, Карачаево-Черкесс, Умард Осет, Ингушет)-т “Өмнөд” цэргийн тойргийн хариуцлагын бүсэд байрладаг цэргийн 15 полигон болон Абхаз, Өмнөд Осетийн нутаг дэвсгэрт цэргийн хээрийн сургууль хийж эхэлсэн байна. Мөн тэнгисийн цэргийн дөрвөн флот болон Каспийн тэнгисийн дэд флотын 140 хөлөг онгоц, 10 мянга орчим цэргийн албан хаагч оролцсон тэнгисийн цэргийн сургуулийг нэгдүгээр сарын 10-ны өдрөөс шат дараатай явуулж эхэлжээ.
Газар дундын тэнгис, Хар тэнгист тэнгисийн цэргийн сургууль ойрын өдрүүдэд эхлэх бөгөөд үүнд Балтийн болон Хойд флотын тэнгисийн цэргийн десантын зургаан том хөлөг онгоц оролцох аж. Одоогоор Газар дундын тэнгист пуужин тээвэрлэгч “Атлант”-“Варяг” болон “Маршал Устинов” хөлөг онгоц, шумбагч онгоц эсэргүүцэгч “Вице-адмирал Кулаков” хөлөг онгоц хүрэлцэн ирсэн бол удахгүй “Москва” хөлөг онгоц нэмэгдэнэ.
Үүний зэрэгцээ Орос-Белорусийн хамтарсан “Холбоотны шийдвэр-2022” цэргийн хээрийн сургуулийн бэлтгэл ажлыг нэгэнт хангаж хоёрдугаар сарын 10-ны өдрөөс идэвхтэй ажиллагааг явуулах юм байна.
ОХУ, Белорусийн цэргийн энэ удаагийн хамтарсан хээрийн сургуульд оролцох цэргийн албан хаагчийн тоо тодорхойгүй байгаа бөгөөд 2011 оны Венийн баримт бичгийн дагуу оролцогчдын тоо есөн мянгаас хэтэрвэл бусад оронд мэдэгдэх, 13 мянгаас дээш давсан тохиолдолд гаднын цэргийн ажиглагчдыг оролцуулах ёстой юм.
ИйнхүүОХУ-ын Засгийн газар Газар дундын тэнгис, Хар далай, “Өмнөд” болон “Баруун” цэргийн тойргийн хариуцлагын бүсийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан цэргийн томоохон хэмжээний хээрийн сургуулийг нэгэн зэрэг явуулж байгаа нь хэдийгээр АНУ, НАТО, Украинд үзүүлж буй цэргийн хүчний дарамт шахалт мөн боловч зэвсэгт мөргөлдөөнд хүргэх эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.