Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр ард түмэндээ илгээсэн илгээлтдээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дээд хязгаарыг хоёр байсныг долоон жилийн хугацаатай нэг болгох, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг 2022 оны 11 дүгээр сарын 20-нд явуулах санал дэвшүүлж, Үндсэн хуульдаа холбогдох өөрчлөлтийг оруулснаар, уг товлосон сонгууль ирэх Ням гарагт буюу нөгөөдөр болох гэж байна.
Казахстаны Сонгуулийн Төв Хорооны 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу сонгуулийн хуанлийн дараах үе шатууд явагдаж байна. Үүнд:
2022 оны есдүгээр сарын 23-аас 10 дугаар сарын 11-нд нэр дэвшигчдийг тодруулах;
2022 оны10 дугаар сарын 11-21-нд нэр дэвшигчдийг бүртгэх;
2022 оны10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 19-нд сонгуулийн сурталчилгаа явуулах;
2022 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийг “Чимээгүй өдөр” болгох;
2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг санал өгөх өдөр болгох;
2022 оны 11 дүгээр сарын 27-ноос өмнө сонгуулийн дүнг тогтоох;
2022 оны 11 дүгээр сарын 27 гэхэд сонгогдсон Ерөнхийлөгчийг бүртгэх;
2022 оны 11 дүгээр сарын 30-наас өмнө Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг албан ёсоор зарлах зэрэг багтаж байна.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид 40-өөс доошгүй настай, Казахстанд төрсөн байх, Казахстан улсын иргэн байх, Казахстаны нутаг дэвсгэрт 15 жил байнга оршин суусан байх, төрийн албанд таван жил ажилласан туршлагатай байх, төрийн (казах) хэлээр чөлөөтэй ярьдаг байх шаардлагатай.
Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө нэр дэвшүүлэхийг хориглох ба нэр дэвшигч нь заавал улс төрийн нам, эсвэл, олон нийтийн холбоодоос нэр дэвшиж, нийт сонгогчдын 1-ээс доошгүй хувийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай.
Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 12 нэр дэвшигч заасан хугацаанд материалаа Сонгуулийн хороонд ирүүлсэн ч төрийн албанд ажилласан жил хүрээгүй, казах хэлний шалгалт өгөөгүй, сонгогчдын гарын үсэг дутуу, Казахстанд төрөөгүй зэрэг үндэслэлээр 6 нэр дэвшигч дээрх шаардлагыг хангаагүй байна.
Харин Казахстаны Сонгуулийн Төв Хороо шаардлага хангасан “Аманат” үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшигч Мейрам Кажыкен, Ардын ардчилсан эх оронч намаас нэр дэвшигч Жигули Дайрабаев, Үндэсний социал демократ намаас нэр дэвшигч Нурлан Ауесбаев, “Токаевын шинэчлэлийн төлөө” улс төрийн намууд, олон нийтийн холбоодын ард түмний эвслээс нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Мэргэжлийн нийгмийн ажилтны үндэсний холбооноос нэр дэвшигч Каракат Абден (эмэгтэй), “Казах аналары – дастурге жол” (Казах эхчүүд-уламжлалын зам) олон нийтийн нийгэмлэгээс нэр дэвшигч Салтанат Турсынбекова (эмэгтэй) нарын зургаан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсны нэр дэвшигчээр бүртгэсэн байна.
Нөгөөдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсанд дээрх зургаан нэр дэвшигчийн нэрээс гадна “хэнийг ч дэмжихгүй” гэсэн сонголт байгаа нь тус сонгуулийг өвөрмөц онцлогтой болгож байна.
Нэр дэвшигч Касым-Жомарт Токаев, 69 настай, Казахстаны Ерөнхийлөгчөөр 2019 онд сонгогдсон. Өмнө нь Казахстаны Гадаад хэргийн сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан.
“Аманат” үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшигч Мейрам Кажыкен, 61 настай, “Астана” олон улсын шинжлэх ухааны цогцолборын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн дарга, Орчин үеийн нийгэм судлалын хүрээлэнгийн захирлын албыг хашдаг.
Нэр дэвшигч М.Кажыкен 2000-аад оны эхээр Казахстаны Ерөнхий сайдын зөвлөх, Үйлдвэр, худалдааны яамны Үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хорооны даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн хавар “Эв санааны нэгдэл” нам байгуулах бодолтой байгаагаа мэдэгдэж байсан.
Ардын ардчилсан эх оронч намаас нэр дэвшигч Жигули Дайрабаев, 67 настай, “Атамекен” Үндэсний бизнес эрхлэгчдийн танхимын тэргүүлэгчдийн дэргэдэх Агро-аж үйлдвэрийн цогцолборын хорооны даргаар ажилладаг. 2019 оны 12 дугаар сараас 2022 оны зургаадугаар сар хүртэл Казахстаны тариаланчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 1970-аад онд тэрээр Луговскийн дүүргийн “Коммунизмын зам” Сангийн аж ахуйн Комсомол (залуучуудын эвлэл)-ын хорооны нарийн бичгийн даргаар, өөрчлөн байгуулалтын он жилүүдэд Луговскийн дүүргийн Жамбулын нэрэмжит САА-н удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
Мэргэжлийн нийгмийн ажилтны үндэсний холбооноос нэр дэвшигч 48 настай Каракат Абден (эмэгтэй) өнгөрсөн тавдугаар сараас Ерөнхийлөгчийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн асуудал, гэр бүл, хүн ам зүйн бодлогын комиссын гишүүнээр ажиллаж байна. Өмнөх жилүүдэд тэрээр Төрийн бодлогын үндэсний сургуулийн дэд захирал, “Нур Отан” намын (одоо “Аманат” нам) инновацын хорооны байцаагч, Астанагийн Маслихатын депутатаар ажиллаж байсан.
“Казах аналары-дастурге жол” (Казах эхчүүд-уламжлалын зам) олон нийтийн нийгэмлэгээс нэр дэвшигч 56 настай Салтанат Турсынбекова (эмэгтэй) өнгөрсөн оны гуравдугаар сараас Ерөнхийлөгчийн дэргэдэх эмэгтэйчүүдийн асуудал, гэр бүл, хүн ам зүйн бодлогын үндэсний комиссын дэд даргаар ажиллаж байна. Үүнээс өмнө тэрээр төрийн байгууллага, Дээд шүүх, Казахстаны Ерөнхий прокурорын тусгай даалгавар хариуцсан ахлах туслах, Ерөнхий прокурорын дэргэдэх хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан, хүний эрхийн төлөө тэмцэгч.
Энэ удаагийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч К.Токаев зэрэг эдгээр зургаан хүн нэр дэвшиж сурталчилгаагаа явуулж байна.
Одоогийн Ерөнхийлөгчийг дэмжиж буй “Токаевын шинэчлэлийн төлөө” эвсэлд эрх баригч “Аманат” нам, Казахстаны Ардын нам, Казахстаны “Ак Жол” Ардчилсан нам зэрэг улс төрийн нөлөө бүхий гурван нам, “Казахстан баг” залуучуудын холбоо, “Казахстаны Маслихатуудын депутатуудын холбоо”, “Генералуудын зөвлөл”, “Казахстаны тамирчдын холбоо”, “Ахмад дайчдын байгууллага” зэрэг гучаад олон нийтийн байгууллага багтаж байна. Казахстаны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг ажиглахаар гадаадын 271 ажиглагчид бүртгүүлээд байгаагийн дотор Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороог ажиглагчаар оролцох урилгыг Казахстаны талаас ирүүлээд байна.