АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден “Өрсөлдөөнийг хязгаарлах тухай хуулийн төсөлд БНХАУ-ын зүгээс нөлөөлөх оролдлого хийж байна” гэж 2022 оны тавдугаар сарын 3-ны мягмар гарагт буруутгав. Тус хуулийн төсөл нь АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой юм.   

Ж.Байден Алaбама мужид мягмар гаригт айлчлах үедээ хэлсэн үгэндээ “Энэ нь үндэсний аюулгүй байдлын асуудал бөгөөд Хятадын коммунист нам тус хуулийн эсрэг лобби ашиглаж байна” гээд “Тус асуудалд Бүгд найрамдах нам болон Ардчилсан нам нэг байр суурьтай байна. Иймд асуудлыг дуусгавар болгоё” гэж уриалжээ. Түүнчлэн  “Локхит Мартин корпорац”-д айлчлахдаа Украин улсад чухал хэрэгцээтэй байгаа “Жавелин” танк эсэргүүцэх пуужинд шаардлагатай 200 хагас дамжуулагчийг хангах шаардлагатай тул тухайн хуулийг яаралтай батлах тухай дурджээ. Тус уулзалтын агуулга нь гол төлөв Украин улсын тухай мөн Хятадын коммунист намыг буруутгасан өнгө аястай байв.

Сенат болон Төлөөлөгчийн танхим Хятад улсын эсрэг өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх талаар хоорондын зөрчилтэй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Гэхдээ сүүлийн хэлэлцүүлэг хийх хүртэл хэдэн сарын хугацаа шаардлагатай байгаа аж. Хоёр танхимын гишүүд дотоодын хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийг дэмжихэд шаардлагатай 52 тэрбум ам.доллар зарцуулах асуудлаар санал нэг байгаа боловч бусад асуудал дээр санал зөрүүтэй байна.

Similar Posts