Астана хотноо 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулсан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Бага хурлын VI дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНТУ-ын Ерөнхийлөгч Тайип Эрдоган нар уулзав.
Хоёр улсын Ерөнхийлөгч нар Турк улсад байгалийн хийн төв байгуулах талаар санал солилцсон тухай албаны эх сурвалж мэдээлэв. Тухайлбал, байгалийн хийн үнийг Туркийн хил дээр тохиролцон хэн хүссэн нь “Турк урсгал” хоолойгоор дамжуулан авах боломжтой төвийг байгуулах саналыг Оросын талаас тавьсан тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдлээ.
Европын улс орнуудын зүгээс Оросоос худалдан авах байгалийн хийн хэмжээг багасгах буюу экспортын орлогыг бууруулж дайныг санхүүжүүлэхгүй байх сонирхолтой, нөгөө талаас Орос, Украины зөрчлийн дунд гэрээ хэлэлцээ байгуулахад зуучлагчийн хувиар оролцох хүсэлтээ Турк илэрхийлээд байгаа энэ цаг үед дэвшүүлсэн уг санаачилга талуудын ашиг сонирхлын нийцлийг илэрхийлж байна. Уг зангилаа төв нь зөвхөн хангамж төдийгүй үнийг тодорхойлох талбар болно хэмээн В.Путин үзэж байна. Хэдийгээр Р.Эрдоган шууд ямар нэг хариу хэлээгүй ч талууд санаачилгатай холбоотой асуудлуудыг хурдан бөгөөд нарийвчлан нягтлахыг тус бүрнээ үүрэг болгосныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Харин пүрэв гарагт Францын Ерөнхийлөгчийн албанаас Путины саналыг үгүйсгэсэн мэдэгдэл гаргалаа. “Худалдан авагчид нь өөр байхад Орос хийгээ илүү ихээр экспортлох боломжтой шинэ дэд бүтцийг бий болгох нь утгагүй” гэж мэдэгдэлд дурджээ.
Ташрамд дурдахад Балтийн тэнгисээр дайран өнгөрөх хойд урсгалын хоёр хийн хоолойн нийлүүлэлтийг өөр тийш чиглүүлэх боломжийг Орос эрэлхийлж байгаа. Учир нь тэд өнгөрсөн сард болсон дэлбэрэлтийн улмаас гэмтсэн бөгөөд хэрэг явдал одоог хүртэл мөрдөн байцаалтын шатандаа яваа.