Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын VI дээд хэмжээний уулзалт Казахстаны нийслэл Астана хотод өчигдөр буюу 10 дугаар сарын 13-нд болж өнгөрлөө. Дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган зэрэг 11 гишүүн улсын Ерөнхийлөгч, БНХАУ болон БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, бусад гишүүн, ажиглагч улс, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон бол ажиглагч орон болох АНУ, Украины төлөөлөл оролцоогүй аж. Монгол Улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-д 2001 оны зургаадугаар сард гишүүнээр элссэн бөгөөд Монгол Улсыг төлөөлж тус уулзалтад Шадар сайд С.Амарсайхан оролцсон.
Тус уулзалтыг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев нээж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш цахимаар мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн бөгөөд уулзалтад үсгийн дарааллаар Азербайжаны Ерөнхийлөгч И.Алиеваас эхлээд бүх төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев, АХАИББХ-ын санхүүгийн дээд хэмжээний уулзалтыг бий болгосноор, санхүүгийн хамтын ажиллагааны таатай нөхцөл бүрдэж, бүс нутаг эдийн засгийн сэргэлт, тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хүрнэ гэж тэрээр үзэж байна. Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган хэлсэн үгэндээ, Орос-Украины цус асгаруулсан зэвсэгт мөргөлдөөнийг аль болох хурдан зогсоох шаардлагатайг уриалсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөргөлдөөний талаар огт дурдаагүй болно. Мөн Аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах, АХАИББХ-ын сан байгуулах, НҮБ-ын терроризмтэй тэмцэх дэлхийн стратегийн хэрэгжилт, түүнтэй холбоотой АХАИББХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, АХАИББХ болон Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэмлэг (АСЕАН), Евразийн эдийн засгийн комисс зэрэг олон улсын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох баримт бичгүүдийг батлан гаргалаа.
Улмаар Кувейт улсыг АХАИББХ-д шууд гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргаснаар 28 гишүүнтэй боллоо. Мөн уулзалтын үеэр АХАИББХ, Евразийн эдийн засгийн комиссын хооронд харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын гол ач холбогдол нь АХАИББХ-ыг Ази дахь бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны олон улсын бүрэн эрхт байгууллага болгон өөрчлөх ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан явдал бөгөөд АХАИББХ нь цаашид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-тай төстэй Ази дахь хамтын ажиллагааны бас нэг механизм болон хөгжих боломжийг нээж байна.
Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдогантай уулзаж, Туркийг хийн хоолойн зангилаа төв болгох, Украинаас хэлэлцээрийн дагуу экспортолж буй улаан буудайн дийлэнх хэсгийг ядуу буурай хөгжиж буй орнууд руу чиглүүлэх зэрэг дэлхийн хүнсний хангамжийн асуудлыг хэлэлцсэн боловч Орос-Украины асуудлыг шийдвэрлэх талаар яриа хэлэлцээ хийгдээгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдэж байна.[1]
Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр буюу 1992 оны 10 дугаар сарын 5-ны өдөр БНКазУ-ын Ерөнхийлөгч асан Н.Назарбаев АХАИББХ буюу CICA байгуулах саналыг дэвшүүлсэн. Тус бага хурал нь Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх зорилготойгоор байгуулагдаад 30 жил болж байгаа бөгөөд эдүгээ 27 гишүүн, ажиглагч 9 орон, олон улсын 5 байгууллагаас бүрддэг. Тухайлбал, Афганистан, Азербайжан, Бахрейн, Бангладеш, Вьетнам, Египет, Израиль, Энэтхэг, Ирак, Иран, Иордан, Казахстан, Камбож, Кыргызстан, Хятад, Монгол, Пакистан, Палестин, Катар, БНСУ, ОХУ, Шри Ланка, Тажикстан, Тайланд, Турк, Арабын нэгдсэн Эмират улс (АНЭУ), Узбекистан зэрэг 27 гишүүн орон багтдаг. Мөн АНУ, Украин, Филиппин, Япон, Беларусь, Малайз, Индонез, Лаос, Туркменистан зэрэг 9 улс, НҮБ, ЕАБХАБ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Арабын орнуудын лиг, Түрэг хэлтэн орнуудын парламентын ассамблей зэрэг 5 олон улсын байгууллага АХАИББХ-д ажиглагч, ШХАБ түншийн статустай.
Казахстан Улсын Алматы хотноо 1999 онд болсон АХАИББХ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын анхдугаар уулзалтаар баталсан “АХАИББХ-ын гишүүн орнуудын харилцааг зохицуулах зарчмуудын тухай тунхаглал” болон 2002 онд анхдугаар дээд хэмжээний уулзалтаар баталсан АХАИББХ-ын Дүрэм (Almaty Act, the charter of the CICA) нь тус байгууллагын үндсэн баримт бичгүүд юм.
2004 онд болсон Гадаад хэргийн сайд нарын хоёрдугаар уулзалтаар АХАИББХ-ын Итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэлийг баталсан бөгөөд эдгээр нь хүмүүнлэг, эдийн засаг, шинэ сорилт болон аюул занал, байгаль орчин, цэрэг-улс төр гэсэн үндсэн таван чиглэлээс бүрдэж байна.
АХАИББХ-ын дээд хэмжээний уулзалт (2002, 2006, 2010, 2014, 2019 он), Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг тус бүр дөрвөн жил тутам (1999, 2004, 2008, 2012, 2016 он), Ахлах албан тушаалтны уулзалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулдаг.
АХАИББХ-ыг 2002-2010 онд БНКазУ, 2010-2014 онд БНТУ, 2014-2018 онд БНХАУ, 2018-2020 онд БНТажУ тус тус даргалсан бөгөөд 2020-2022 онд БНКазУ даргалж байна.
Эх сурвалж:
Монгол Улс 2001 оны зургаадугаар сард “АХАИББХ-ын гишүүн орнуудын харилцааг зохицуулах зарчмуудын тухай тунхаглал”-д гарын үсэг зурж, нэгдэн орсноос хойш АХАИББХ-ын арга хэмжээнд зохих түвшинд оролцож ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч дээд түвшний I, III, IV, Шадар сайд II, Элчин сайд Л.Баттулга 2019 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Душанбе хотноо болсон V дээд хэмжээний уулзалтад тус тус оролцсон.
Монгол Улс Итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний байгаль хамгааллын чиглэлийн зохицуулагчаар ажилладаг (Бангладеш, БНХАУ хамтран зохицуулагч) бөгөөд 2011 онд Цөлжилттэй тэмцэх асуудлаар “Шинжээчдийн уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
АХАИББХ-ын гүйцэтгэх захирал, БНКазУ-ын дипломатч К.Сарыбай Монгол Улсад 2022 оны тавдугаар сарын 10-ны өдөр албан ёсоор айлчилсан.
[1] https://iz.ru/1409661/2022-10-13/peskov-raskryl-podrobnosti-peregovorov-putina-i-erdogana-v-astane (2022.10.13) Песков: Путин Эрдагон нарын хэлэлцээрийн талаар