БНАСАУ-ын албан ёсны төв мэдээллийн агентлагаас энэ сарын 25-ны өдөр “стратегийн” хэмээх цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай Пулхвасал-3-31(Pulhwasal) далавчит пуужинг хөгжүүлэлтийн шатанд явж байгааг мэдэгдлээ. Хэдэн пуужин харвасан талаар мэдээнд дурдаагүй ч энэхүү туршилт нь бүс нутаг, хөрш орнуудын аюулгүй байдалд ямар ч нөлөөгүй гэжээ.
БНСУ-ын Штабуудын нэгдсэн хорооны мэдэгдсэнээр өнгөрсөн лхагва гарагийн өглөө Хойд Солонгосын баруун эргээс “нэлээд хэдэн” далавчит пуужин харвасан болохыг тогтоосон байна.
Хойд Солонгос энэ сарын 14-нд анхны хатуу түлштэй дунд тусгалын баллистик пуужин, 19-нд цөмийн чадавхтай, шумбагч давшилтын дроны туршилт тус тус хийсэн байна. 2021 оны есдүгээр сард анхны стратегийн далавчит пуужингийн туршилтаа хийж байжээ.
Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар Хойд Солонгосын далавчит пуужингууд нь тийрэлтэт хөдөлгүүртэй, нам өдөрт нисдэг учраас баллистик пуужинтай харьцуулахад илрүүлэх, устгахад амаргүйн зэрэгцээ БНСУ, Японы пуужингийн довтолгооноос хамгаалах системийг даван гарах зориулалтаар хөгжүүлж буй гол зэвсэглэл нь болж байгаа юм байна.
Далавчит пуужингийн туршилт нь удаан хугацаанд хэрэгжиж буй НҮБ-ын Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт тавьж буй хоригт хамаардаггүй. Сүүлд хийгдсэн энэхүү туршилт нь хоёр Солонгосын харилцаа “аюулгүй байдлын хувьд ноцтой түвшинд хүрсэн” үед БНСУ-ын тусгай хүчнийхэн 10 хоногийн далайн сургуулилт хийж байгаатай давхацсан байна.