Унгарын Парламент зөвшөөрч баталгаажуулснаар Шведийн НАТО-д элсэх эцсийн саадыг арилгав. Скандиновын хойгийн энэ орон 2022 онд Орос-Украины дайн эхэлснээр НАТО-гийн батлан хамгаалах холбоотны эгнээд элсэх хүсэлт гаргасан. Энэхүү холбоотны эгнээд элсэхийн тулд өмнөх бүх гишүүн шинэ гишүүнийг зөвшөөрч баталгаажуулсан байх ёстой. Бидэнд сөрөг хандаж байна гэдэг шалтгаанаар Унгар улс тус улсыг баталгаажуулах процессыг удаашруулсаар ирсэн.
Харин Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн долоо хоногт “Одоо манай хоёр улс “бие биеийнхээ төлөө үхэхэд” бэлэн боллоо” гэсэн бол Шведийн Ерөнхий сайд Улф Кристерссон “Тус улсын 200 жилийн төвийг сахисан байдлыг өөрчилсөн “түүхэн өдөр”, “том алхам”, Швед бол хүчирхэг улс, гэхдээ бид энэ болон итгэдэг бүхнээ илүү хамгаалах зорилгоор НАТО-д элсэж байна” гэсэн байна.
Шведийн Ерөнхий сайд Улф Кристерссон, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нар өнгөрсөн баасан гарагт Будапештад. Эх сурвалж: www.reuters.com
Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Унгарын энэ шийдвэр нь холбоотныг “илүү хүчирхэг, аюулгүй” болгосон шийдвэр” гэж онцолжээ. Парламентын энэ шийдвэрт Ерөнхийлөгч гарын үсэг зурах ёстой бөгөөд үүний дараагаар 31 улсын бүлэгт нэгдэх албан ёсны урилгыг Шведэд илгээх юм.
В.Орбан нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ойр холбоотой, үндэсний үзэлтэй улс төрч гэгддэг бөгөөд Украинд Европын холбооноос цэргийн тусламж олгох асуудлыг ихэнхдээ хаасаар ирсэн.
Шведийн хувьд Европын холбооны ардчилсан зарчмууд дээр ухралт хийж байна гэж Унгарыг буруутгадаг улсын нэг юм. Унгарын Ерөнхий сайд Улф Кристерссоныг Будапештад өнгөрсөн долоо хоногт урьж, Шведийн НАТО-гийн гишүүнчлэлийг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Унгарын Парламентын шийдвэр ч 188/6-гийн харьцаагаар үнэмлэхгүй дэмжлэгээр гарчээ.
Үг хэлэх үеэрээ Орбан “Унгарын 21 сарын хугацаанд ингэж саатуулсанд нь түүний Засгийн газарт шахалт үзүүлсэн нэрийг нь хэлээгүй НАТО-гийн нэг гишүүн улсыг хурцаар шүүмжилсэн байна. Тэрээр Унгар бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улс. Гаргах шийдвэрийнхээ агуулга, цаг хугацааны асуудлаар хэн нэгнээр заалгахгүй” гэсэн байна.
1949 оноос хойш НАТО-гийн Европ дахь тэлэлт. Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-68405893
Турк улс Шведийн гишүүнээр элсэх хүсэлтийг нь Курдын салан тусгаарлагчдыг дэмждэг гэсэн үндэслэлээр саатуулж байгаад энэ нэгдүгээр сараас хоригоо цуцалсан. Швед, зүүн хөрш удаан хугацаанд цэргийн хувьд төвийг сахисан Финляндын хамт 2022 оны тавдугаар сард НАТО-гийн гишүүнээр элсэх хүсэлтээ гаргасан. Финлянд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард албан ёсоор гишүүн болсноор НАТО-гийн ОХУ-тай хиллэх хилийн хэсэг нэг дахин нэмэгдсэн билээ.