Армени-Азербайжаны хооронд хоёр тал бие биеэ “өдөөн хатгасан”, “хорлон сүйтгэсэн” хэмээн харилцан буруутгасны улмаас есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнийн 00:05 цагт хоёр талаас зэрэг буудалцсанаар зэвсэгт мөргөлдөөн эхэллээ. 

Одоогоор сөргөлдөгч талуудаас нийтдээ 150 гаруй цэрэг амь эрсдээд байгаа бөгөөд 100 цэргийн цогцсыг Арменид шилжүүлж өгөхөд бэлэн байгаагаа Азербайжаны тал  өчигдөр мэдэгдээд байна.

Эх сурвалж https://www.bbc.com/russian/news-62903136

Зэвсэгт мөргөлдөөнд Азербайжаны цэргүүд Арменийн Басаркечер, Истису, Гаракилс, Горис, Сотк, Жермук зэрэг хот суурин (зураг дээр улаанаар) руу,  Арменийн цэргүүд Азербайжаны Дашкесан, Кельбаджар, Лачин (зураг дээр хараар) мужийн нутаг дэвсгэрт байрлах армийн байрлал руу их буу, тийрэлтэт артиллери, зенитийн пуужингийн систем, миномётоор  харилцан ширүүн гал нээсэн байна.

Зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдуулан Арменийн Ерөнхий сайд Н.Пашинян ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нартай утсаар ярьж, улмаар  Азербайжаныг Арменийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрт халдан довтолсон хэмээн үзэж, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-аас туслалцаа хүсэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандлаа. 

Хамтын аюулгүй байдлын гэрээний дөрөвдүгээр зүйлд  “Оролцогч улсуудын аль нэг нь түрэмгийлэлд өртвөл цэргийн тусламж үзүүлж болно” гэсэн заалтын дагуу ХАБГБ-ын Байнгын зөвлөл яаралттай хуралдаж, эхний ээлжид нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, хурцадмал байдлыг бууруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулах, тухайн халуун цэг рүү ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон туршуулын бүлэг илгээх шийдвэр гаргаад байна.

Зэвсэгт мөргөлдөөн гарах болсон үндэслэл нь олон жилийн туршид үргэлжилж байгаа Уулын Карабахын асуудал, 2020 оны Карабахын II дайны үр дүн байна. Карабахын II дайн 44 хоног үргэлжилж, нийтдээ 6500 цэрэг амь эрсдэн, 2020 оны 11 дүгээр сарын 10-нд Азербайжан-Армени-Оросын гурван талт гэрээгээр дайны галыг зогсоосон боловч Карабахын асуудлыг бүрэн шийдвэрлэж чадаагүй, түр царцаасан явдал нь шалтгаан болж байна.

Карабахын мөргөлдөөнийг зохицуулахаар Европын Холбооны тэргүүн Ч.Мишель 2022 оны наймдугаар сарын 31-нд Брюссельд Арменийн Ерөнхий сайд Н.Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч И.Алиев нартай гуравласан уулзалт зохион байгуулж, есдүгээр сарын эхээр Уулын Карабахын асуудлаар энхийн гэрээ байгуулах хэлэлцээрийг Гадаад хэргийн сайд нарын түвшинд хийж, гарын үсэг зурж баталгаажуулахаар тохиролцсон билээ.

Мөн Армени, Азербайжан хоёулаа ШХАБ-ын түнш орнуудын хувьд  Самаркандын дээд хэмжээний уулзалтад оролцож, дахин уулзалдах  төлөвлөгөөтэй байсан боловч зэвсэгт мөргөлдөөний улмаас Арменийн Ерөнхий сайд Н.Пашинян уулзалтад оролцохоос татгалзаж, Азербайжаны Ерөнхийлөгч И.Алиев оролцож байна.

Similar Posts