Украины аюулгүй байдлын баталгааны асуудлаар НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан А.Расмуссен, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  А.Ермак тэргүүтэй олон улсын ажлын хэсгийн боловсруулсан “Аюулгүй байдлын тухай Киевийн гэрээ”-ний төсөл, зөвлөмжийг Украины Ерөнхийлөгч В.Зеленскийд уржигдар буюу есдүгээр сарын 13-нд танилцуулсан. Хэрвээ уг аюулгүй байдлын баталгаа, гэрээ хэрэгжиж эхэлсэн тохиолдолд Орос-Украины асуудал улам хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн сунжрах төлөвтэй байна.  

Тус гэрээний гол зорилго нь АНУ тэргүүтэй холбоотон орнуудын зүгээс Украинд аюулгүй байдлын баталгаа гаргаж, Украины зэвсэгт хүчнийг Оросын эсрэг тэмцэх бүрэн чадавхтай болгох явдал гэж үзэж байна.

Эх сурвалж:  https://www.president.gov.ua/ru/news/glavi-derzhavi-prezentuvali-paket-rekomendacij-shodo-bezpeko-77737

Украинд аюулгүй байдлын баталгаа гаргах холбоотон орнуудын “үндсэн бүлэг”-ийн  жагсаалтад АНУ, Их Британи, Канад, Австрали, Турк болон Польш, Итали, Герман, Франц зэрэг Европын дийлэнх орон багтаж байна. Мөн Япон, Өмнөд Солонгос зэрэг “Олон улсын түншлэлийн  өргөтгөсөн бүлэг”-ийн орон ч Украиныг дэмжих ёстойг уг баримт бичгийн төсөлд онцолжээ.

Гэрээний агуулга нь Украинд учирсан гадны түрэмгийллийг зогсоох, бүрэн эрхт байдлаа сэргээх, цаашид аливаа аюул заналхийллийн эсрэг бие даан батлан хамгаалах чадвартай болоход  холбоотон орнууд улс төр дипломат, эдийн засаг, цэргийн арга хэрэгслээр баталгаатай хангах явдал юм.

Гэрээгээр холбоотнууд шинэ түрэмгийллээс зайлсхийхийн тулд цэрэг, санхүү, дэд бүтэц, техник, мэдээллийн шинж чанартай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, түрэмгийлэгч орны эсрэг хориг арга хэмжээний багцыг бий болгох, Украины эсрэг түрэмгийллээ зогсоох хүртэл хориг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үүрэг  хүлээнэ.

Гэрээний мөн чанар нь, барууны зүгээс Киевт үзүүлэх өнөөгийн гал унтраах зориулалттай цэргийн тусламжаа урт хугацааны байнгын хөтөлбөр болгож, Украиныг гадны  ямар ч довтолгоо, түрэмгийллийг тэсвэрлэх чадвартай томоохон цэргийн хүчинтэй болоход шаардлагатай бүх зүйлээр хангаж, Орос улс Украинд дахин хэзээ ч халдан довтлохгүй байх нөхцөлийг баталгаатай бүрдүүлэх явдал юм.

Гэрээний төсөлд Украин Европын Холбоонд нэр дэвшигч орны хувьд Европын санхүү, ялангуяа Европын батлан хамгаалах сан, Европын энх тайвны сан зэрэгт давуу эрх эдлэх боломж олгохоор тусгажээ. 

Гэрээний олон улсын эрх зүйн гол үндэслэл бол НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасан “Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс зэвсэгт халдлагад өртвөл бие даан буюу бусадтай хамтран өөрийгөө хамгаалах  салшгүй бүрэн эрхтэй” гэсэн заалт байна.

Гэрээний төсөлд өмнө яригдаж байсан Украины  төвийг сахих статус болон Оросын оролцоог огт дурдаагүй төдийгүй Украины Үндсэн хуульд заасанчлан, түүний Европын Холбоо болон НАТО-д элсэх хүсэлтийг баталгаажуулах хандлагатай байна. 

Гэрээний төсөл боловсруулсан ажлын хэсэг Украин болон батлан даагч орнуудыг нэгтгэх стратегийн түншлэлийн хамтарсан баримт бичиг болох Киевийн аюулгүй байдлын гэрээг байгуулахыг холбоотон улсуудад  уриалж байна.   

Энэхүү стратегийн түншлэлийн хамтарсан баримт бичиг буюу Гэрээ нь бүх холбоотнуудын дунд байгуулах үндсэн нэг хэлэлцээрээс гадна Украин болон батлан даагч улс тус бүрийн хооронд байгуулах нарийн зохицуулалттай, заавал биелэгдэх шинжийг агуулсан хоёр талт хэлэлцээрээр хэрэгжих төлөвтэй байна. Тухайлбал, Украинд гаргах аюулгүй байдлын баталгааны хүрээнд Турк-Украины хооронд  “Хар тэнгис дэх бүс нутгийн аюулгүй байдлын гэрээ”-г  байгуулж болох талтай.

Гэрээгээр батлан даагч холбоотон орнууд цэрэг, дэд бүтэц, техник, мэдээллийн арга хэмжээний жагсаалтыг нарийвчлан боловсруулж, нэн даруй болон  урт, дунд хугацааны явцад хэрэгжүүлнэ.

Эдгээр арга хэмжээг Украины сүйрсэн дэд бүтцийг сэргээх, зэвсэг техник нийлүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрийн баазад тогтвортой хөрөнгө оруулалт хийх, технологи дамжуулах, Украины зэвсгийн экспортыг дэмжих, кибер чадавхыг дээшлүүлэх, Украинд агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах систем, дэвшилтэт радарын системийг байрлуулах замаар тус улсын хүн амын гол зангилаа хот суурин, хил хязгаарыг найдвартай хамгаалах орчин үеийн хамгаалалтын системтэй болгох, тагнуулын дэмжлэг үзүүлэх, цэргийн эрчимтэй сургалт бэлтгэл явуулах, Европын Холбоо болон НАТО-гийн ивээл дор хамтарсан цэргийн сургуулилт хийх замаар хэрэгжүүлнэ.

Тус арга хэмжээнүүд нь холбоотон орнуудын санхүүгийн тусламж, тэр дундаа эргэн төлөгдөхгүй, буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж,  эцэстээ Украинд гадны түрэмгийллээс урьдчилан сэргийлэх, хэрэв түрэмгийлэл үйлдэгдсэн тохиолдолд өөрийгөө хамгаалах найдвартай хүчирхэг батлан хамгаалах тогтолцоог бий болгоход чиглэгдэж байна. Гэрээг батлан даагч орнуудын парламент соёрхон баталсны дараа эрх зүйн чадамжтай болно.

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Д.Медведев Гэрээний төслийг “дэлхийн III дайны оршил хэсэг мөн” гээд “Гэрээг баталсан тохиолдолд Оросын цэргийн ажиллагаа өөр түвшинд шилжинэ”[1] хэмээн анхааруулсан нь түүний хэрэгжих магадлалыг нэг талаас бууруулж байна.


[1] Д.Медведев Киевийн гэрээний төслийг “дэлхийн гуравдугаар дайны оршил” хэмээн нэрлэв (2022.09.13) https://www.vesti.ru/article/2939504

Similar Posts