ОХУ-ын зүгээс Украин дахь цэргийн ажиллагаандаа Ираны “Шахед-136” загварын нисгэгчгүй нисэх аппарат (ННА) хэрэглэж эхэлсэн талаар Украины эх сурвалжууд мэдэгдэж байна. Тухайлбал, Украины армийн 92 дугаар бригадын 152 мм-ийн болон 122 мм-ийн дөрвөн нэгж өөрөө явагч гаубиц, хоёр хуягт тээвэрлэгч болон АНУ-аас нийлүүлсэн алсын тусгалын 155 мм-ийн нэг чирэгч M777 гаубиц нь Иранаас Орост нийлүүлсэн байлдааны камикадзе ННА-аар устгагдсан[1] хэмээн тус бригадын их бууны командлагч хурандаа Р.Кулагин мэдэгдлээ.

Эх сурвалж: https://argumenti.ru/army/2022/09/790042

“Шахед-136” буюу “М214 Герань-2” нисгэгчгүй онгоцыг ачааны машины чингэлэгтэй тэнцэх хэмжээний хөөргөгч сууринаас харвадаг, 3.5 м урттай, 200 кг жинтэй, 185 км/цаг хурдтай, 2000 км тусгалтай, агаарт 24 цаг хүртэл байх чадвартай. Дрон тус бүр нь 4-8 пуужин эсвэл бөмбөг тээвэрлэх боломжтой учраас тийрэлтэт артиллерийн болон радарын систем, их буу, танк, өөрөө явагч гаубиц зэрэг хэд хэдэн байг нэгэн зэрэг болон ээлжээр устгах боломжтой. 

Ираны лицензээр Орост угсарсан, ОХУ-ын төрийн далбааны өнгөөр будаж, “М214 Герань-2” гэсэн тэмдэглэл тавигдсан, дельта далавчтай өөрийгөө золиослогч камикадзе-дронууд нь цаашид Украины арми болон түүнд барууны орнуудаас нийлүүлж буй зэвсэглэлд ноцтой хохирол учруулах төлөвтэй байна.

АНУ болон түүний холбоотнуудаас ННА-аас хамгаалах илүү дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх, Ираны ННА Орост хүргэх цаашдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, ямар нэгэн байдлаар саад учруулах бодлого баримталж байна.

Тухайлбал, АНУ-ын Сангийн яам 2022 оны есдүгээр сарын 8-нд камикадзе-дронууд онгоц тээвэрлэх, цэргийн нислэгийг зохицуулсан хэмээн Ираны Сафиран нисэхийн үйлчилгээний компани болон ННА, түүний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Ираны Паравар Парс, ДАМА, Бахарестан Киш компанид хориг тавиад байна.[2]


[1] https://www.pravda.com.ua/rus/news/2022/09/18/7367947/ (2022.09.18)  Оросуудын Иранаас худалдаж авсан камикадзе-дронууд Украины армид шинэ аюулыг учруулж байна.

[2] https://www.epravda.com.ua/rus/news/2022/09/9/691317/ (2022.09.09) ОХУ-д нисгэгчгүй нисэх аппарат  нийлүүлсэн Ираны компаниудын эсрэг АНУ хориг арга хэмжээ авчээ.

Similar Posts