Палестины ХАМАС бүлэглэл 2023 оны аравдугаар сарын 7-ны өглөөний 06:00 цагт Израиль руу агаар, газар, далайгаас 3000 орчим пуужингаар гэнэтийн дайралт хийснээр хоёр тал дайны байдалд ороод байна.
Эх сурвалж: https://ostwest.tv/news/konflikt-izrailya-i-hamasa-glavnoe-k-vecheru-7-oktyabrya/
Мөргөлдөөний улмаас Израилийн талаас 700 хүн амь эрсдэж, 2243 шархдаж, 35 хүн барьцаанд орсон бол Палестины талаас 413 хүн нас барж, 2300 шархдсан байна.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху: “Болж байгаа үйл явдал бол цэргийн ажиллагаа биш, харин дайн юм. ХАМАС-ыг устгахын тулд бүх хүчээ дайчилна. Израилийн суурин газруудыг алан хядагчдаас цэвэрлэхийг тушааж, нөөцийн дайчдыг өргөн цар хүрээтэй дайчлах тушаал өгсөн. Бид энэ хар өдрийн өшөөг авах болно. ХАМАС-ын нуугдаж буй газруудыг балгас болгоно. Израиль ХАМАС-ын эсрэг дайн хийхэд цаг хугацаа шаардагдах бөгөөд хүнд хэцүү байх болно” хэмээн мэдэгдэж байна.
Одоогоор Израиль дөрвөн дивиз, 31 батальоны хүчээр Газын зурваст терроризмын эсрэг “Төмөр сэлэм” ажиллагаа эхлүүлж, Израилийн олон арван нисэх онгоц Палестины ХАМАС хөдөлгөөний террористуудын байрлал руу агаараас цохилт өгч байгаа бол үүний хариуд Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Палестины ард түмний Израилийн цэргүүдээс өөрийгөө хамгаалах эрхийг тунхаглаад байна.
ХАМАС-ын Израиль руу пуужингаар дайрсныг АНУ, Европын Холбоо, Герман, Франц, Их Британи, Итали, Швейцарь, Унгар, Украин, Энэтхэг зэрэг улс буруушааж байна.
Харин ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев: “Израиль, Палестины мөргөлдөөний гол тоглогч нь АНУ ба түүний холбоотнууд юм. Гэвч эдгээр тэнэгүүд Палестин-Израилийн тохиролцоонд идэвхтэй ажиллахын оронд бидэн рүү дайрч, неонацистуудад бүхий л чадлаараа тусалж, ойр дотны хоёр улсыг мөргөлдөөнд түлхэж байна” хэмээн мэдэгдэж байна.