Кыргызстан-Тажикистаны хооронд сүүлийн жилүүдэд үе, үе зэвсэгт мөргөлдөөн гарч, хүний амь нас, эрүүл мэнд хохирч, бүс нутагт тогтворгүй байдлыг бий болгоод байна. Хамгийн сүүлд энэ оны есдүгээр сарын 14-17-ны хооронд дахин мөргөлдөөн гарч 94 хүн амиа алдаж, 188 хүн шархдаж, 137 мянган иргэдийг нүүлгэн шилжүүлээд байна. Энэ удаагийн зэвсэгт мөргөлдөөн нь Кыргызстаны Баткен муж болон тус мужийн нутаг дэвсгэр дээр бүслэлтийн байдалд оршдог 35 мянган тажикууд амьдардаг Ворух анклав (Тажикистаны харьяа)-ын ойролцоо болжээ.
Баткен муж нь Узбекистан, Тажикистантай хиллэдэг Кыргызстаны хамгийн алслагдсан бүс нутаг бөгөөд тус мужид Кыргызстаны нутаг дэвсгэрээр хүрээлэгдсэн тажик, узбекийн долоон анклав (зураг дээр) байдаг нь зэвсэгт мөргөлдөөн гарах гол үндэс болж байна.
Мөн хоёр улсын хилийн бүс орчмын газар нутгийн бэлчээр, ус, усалгааны систем, зам харгуй, тариалангийн талбайн ашиглалтын талаарх маргаан зэвсэгт мөргөлдөөн үүсэх гол шалтаг шалтгаан болж байна.
Зөвлөлт засаглалын эхний жилүүдээс бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг кыргызүүд суурин амьдралын хэв маягт шилжихээс өөр аргагүйд хүрч, газар тариалан түлхүү эрхэлдэг узбек, тажикуудад газар нутгаа эзэмшүүлэн, бэлчээр ус, тариалангийн талбайгаа нэгдэл хамтралын хооронд байгуулсан гэрээгээр ашиглаж байв. Тухайлбал, ЗХУ-ын үед тус бүсийн газар нутаг, усны нөөц, бэлчээр, зам харгуй, тариалангийн талбайн ашиглалтын асуудлыг тухайн үеийн нэгдэл, сангийн аж ахуйн дарга нарын түвшинд ярьж хэлэлцээд шийдвэрлэдэг байсан. Харин ЗХУ задран унасны дараагаар уг асуудлыг хоёр улсын ерөнхийлөгчид ч шийдэж чадахгүй өдий хүрснээр асуудал улам хурцдаж, иргэд хоорондын нийгэм ахуйн шинжтэй бэлчээр ус, усны нөөц, газар тариалан, жимс жимсгэнийн тариалангийн талбайн төлөөх тэмцэл нь зэвсэгт мөргөлдөөнд хүргэх үндсэн шалтгаан болж байна.
Кыргызстаны 2009 онд баталсан Бэлчээрийн тухай хуулиар гадаад улсын иргэдэд бэлчээр түрээслэхийг хориглосон нь үе дамжин бэлчээр усыг ашиглаж ирсэн тажикуудын дургүйцлийг нэмэгдүүлж зэвсэгт мөргөлдөөнд хүргэж байна. Тус хуулиар тажик хоньчид Кыргызийн нутаг дэвсгэр дэх бэлчээрт орж чадахгүйн улмаас аман гэрээгээр малаа Кыргызстаны хоньчдод түрээсээр хариулуулахаас өөр аргагүйд хүрч, кыргызүүд үүнийхээ төлөө тэднээс хоёр дахин их төлбөр нэхэж байна. Кыргызстаны хилчид улсын хил зөрчсөн гэх үндэслэлээр тажикуудын малыг бэлчээрээсээ хөөж гаргах, хураах явдал нь зэвсэгт мөргөлдөөн гарах бас нэг шалтгаан болжээ. Мөн усны нөөцийн ашиглалт, зохицуулалт, хүртээмж дутмаг байгаатай холбоотой. Тажик-Кыргызийн хилээр 40 орчим усалгааны суваг дамждаг бөгөөд эдгээр сувгийн эхэнд амьдардаг иргэд их ус хэмжээгээр хэрэглэх, уулын бэл, нам дор газар байгаа оршин суугчдад бага ус ногдох, иргэд хоорондын санал зөрөлдөөний улмаас сувгийн усыг хаах зэрэг нь мөргөлдөөний цар хүрээг улам нэмэгдүүлж байна.
Тажикчууд маргаантай газарт чангаанз жимсний мод тарьсан ч нутгийн кыргызүүд тус газар нутгийг өөрсдийн эзэмшлийн хэмээн үзэж жимсний модыг нь огтолсон. Мөн өнгөрсөн хавар Тажикистаны тал усны хуваарилалтыг хянахын тулд ус сувгийн цахилгааны шон дээр хяналтын камерууд суурилуулсан ч Кыргызстаны хилчид шонг огтолж, буулгасны улмаас Ош-Исфана замаар өнгөрч буй кыргыз иргэдийн машин руу тажикууд чулуу шидэж, ангийн буугаар буудсан.
Үүгээр зогсохгүй Тажикистаны тал уг стратегийн ач холбогдолтой Кыргызстаны хоёр бүсийг холбосон дээрх замыг хаасан бол үүний хариуд Кыргызстаны тал Тажикистаны Ворух тосгон руу орох замыг хаагаад байсан юм. Ийнхүү зэвсэгт мөргөлдөөн гарах бас нэг шалтгаан нь стратегийн ач холбогдолтой зам харгуйн асуудал болоод байна. Тухайлбал, бүс нутгийн Ош-Баткен-Исфана зам нь Кыргызстаны өмнөд ба хойд хэсгийг холбодог стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд тус маршрут нь Тажикистаны нутаг дэвсгэрийг заавал дайран өнгөрдөгт асуудал оршиж байна.
Нөгөө талаасаа Тажикистаны Согд мужийн Ворух тосгон нь Кыргызстаны бэлчээр, нутаг дэвсгэрээр бүрэн хүрээлэгдсэн Тажикистантай зөвхөн Исфара голын хөндийн замаар холбогддог нь тус бүсийг Кыргызстанаас бүрэн хамааралтай болгож байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт гарсан зэвсэгт мөргөлдөөн нь он гарснаас хойших дөрөв дэх мөргөлдөөн бөгөөд мөргөлдөөн гарах бүрд олон хүний амь нас эрсдэж, дээрх зам харгуй, ус сувгийг хааж, олон арван байшин, объект, дэлгүүр хоршоог тонон дээрэмдэж, галдан шатааж байна.