Европын Холбоо (цаашид ЕХ гэх), БНХАУ-ын хооронд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хөрөнгө оруулалтын иж бүрэн хэлэлцээ байгуулах зарчмын тохиролцоонд хүрсний дагуу Европын зөвлөл 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр талуудын хүлээсэн үүрэг, биелүүлэх хугацааг нийтэд мэдээллээ . Ингэснээр 7 жилиийн турш үргэлжилсэн уг хэлэлцээрийг үзэглэх суурь нөхцөл бүрдсэн бөгөөд талууд хөрөнгө оруулалтын нөхцөл тус бүрийг хэлэлцэж, ирэх хоёр жилийн хугацаанд хэлэлцээрийг үзэглэхээр тохиролцов.
Бруссель, Бээжингийн удирдлагууд хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийх тохиролцоонд хүрснээр Хятадын эрүүл мэнд, хими, цахилгаан автомашин, харилцаа холбооны салбарын зах зээлд нэвтрэх, эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр хөрөнгө оруулах ЕХ-ны гишүүн орнуудын компаниудын эрх зүйн орчныг сайжруулах, хамтарсан үйлдвэр байгуулахад дөхөм болох, улмаар Хятадын зах зээлийн ил тод байдлыг сайжруулах чухал алхам болно. Түүнчлэн Европын бизнес эрхлэгчдэд Хятадын зах зээлд хөрөнгө оруулах баталгаатай, таатай, илүү өргөн хүрээтэй эрх зүйн орчин, худалдааны тогтсон дүрмийг мөрдөх, зах зээл, хөрөнгө оруулалтын тэнцүү нөхцөл бүрдүүлнэ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Европын компаниуд Хятадад 148 тэрбум евро, Хятад Европын холбооны гишүүн орнуудад 120 тэрбум еврогийн хөрөнгө оруулжээ. 2014 оноос хойш Хятадын Европ дахь хөрөнгө оруулалт огцом өсөж байна. 2016 онд Европын хөрөнгө оруулалт 8 тэрбум евро байсан бол Хятадын хөрөнгө оруулалт 35 тэрбум евро болж 4 дахин өсжээ . Блүүмбергийн тооцоогоор Хятад улсын Европ дахь хөрөнгө оруулалт сүүлийн 10 жилд компани худалдаж авах, хувь нийлүүлэх болон ногоон хөгжилд зарцуулсан хөрөнгө 348 тэрбум евро болж, нийт 350 гаруй компани хятад эзэнтэй болжээ .
Өнөөг хүртэл Хятад дахь Европын холбооны хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь аж үйлдвэрийн салбарт төвлөрч байна. Үүнд: автомашины салбарт 28%, материалын боловсруулах үйлдвэрлэлд 22% хөрөнгө оруулалт хийжээ.
Хятадын хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг нь Герман, Итали, Франц, Финланд зэрэг орнуудын автомашин, тээвэр, дэд бүтэц, аж үйлдвэрийн машин, техникийн сэлбэг хэрэгсэл, эрчим хүч гэсэн 5 салбарт байна.
Ойрын таван жилд дэлхийн зах зээлийн өсөлтийн 30 хувийг Хятад улс бүрдүүлэх төлөвтэй.

Зураг 1 Европын Холбооны Хятад улс дахь хөрөнгө оруулалт (салбараар)
Эх сурвалж: Rhoduim Group

Зураг 2 Хятадын Европын Холбооны улсууд дахь хөрөнгө оруулалт (салбараар)
Эх сурвалж: Rhoduim Group

Хөрөнгө оруулалтын хэлэлцээртэй холбоотой шүүмжлэл дагуулж буй гол асуудал нь хөдөлмөр эрхлэлтийн эрх тэгш байдал, хүний эрхийг дээдлэх асуудал бөгөөд Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулагдах компаниуд нь Европт шинэ ажлын байр үүсгэхгүй, тэд хятад иргэдийг авчирч өөрийн “де-факто колончлол” бий болгоно гэжээ .
Энэтхэг Хятадын хилийн мөргөлдөөнөөс улбаатайгаар Энэтхэгт Хятадын интернэт апликэшнүүдийг хааж, худалдаагаа зогсоосон энэ үед олон улсын байгууллагууд Бээжинд шахалт үзүүлэх ёстой гэж харж байтал хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх тохиролцоонд хүрсэн нь холбоотон орнуудын байр суурийг ганхууллаа гэж шинжээчид дүгнэжээ .
Европын зарим нийслэл Хятадын хөрөнгө оруулалт үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гээд Хятадын хөрөнгө оруулалтаас учрах эрсдлийг бууруулах талаар хэлэлцээрт бараг тусгагдаагүй гэж үзжээ.
Европын холбоо, БНХАУ-ын хөрөнгө оруулалтын хэлэлцээр албан ёсоор хэрэгжих шатандаа орж 2 талын хөрөнгө оруулалт цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа нь Бээжингийн хувьд улс төр, эдийн засгийн нөлөөгөө тэлэх стратегийн бас нэгэн чухал алхам болж байна. Харин Вашингтоны хувьд Европ дахь улс төрийн нөлөө нь суларч байгааг харуулсан, цаашлаад эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой болсон тааламжгүй үйл явдал болж байна. Энэ нь Америк-Хятадын худалдааны дайныг цаашид улам хурцатгах нь тодорхой юм.

Similar Posts